Тархины харвалт тойрч болох эрсдэл

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-10-31 16:54:50
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэдрэлийн тасгаас тархины харвалттай тэмцэх дэлхийн өдрийг “Тархины харвалт бол тойрч болох эрсдэл” уриан дор тэмдэглэлээ.

Энэхүү уриан дор зохион байгуулсан өдөрлөгийн үйл ажиллагаанд аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Г.Бат-Орших, Нэгдсэн эмнэлгийн дарга Х.Жаргал болон эмч, мэргэжилтнүүд, иргэд оролцлоо.

Энэ үеэр Мэдрэлийн тасгийн эрхлэгч, их эмч Т.Бямбацэрэн “Харвалтын шалтгаан, эрт үеийн шинж тэмдэг, өвдөх эрсдэлээ хэрхэн бууруулах” сургалт хийж, өдөрлөгийн төгсгөлд иргэдийн даралт болон цусан дахь сахарын хэмжээг үзэх үйлчилгээг үзүүлсэн байна.

Тархины харвалт нь тархины судас гэнэт хагарах эсвэл бүлэнгээр бөглөрснөөс тархины цусан хангамж дутагдаж, тархины эд үхжихийг хэлдэг ажээ.

Их эмч Т.Бямбацэрэн “Толгой хүчтэй өвдөх, бие тавгүйтэх, мэдээ алдах, бадайрах, сульдах, тэнцвэр алдагдах, хараа өөрчлөгдөх, юм хоёрлож харагдах, ярьж чадахгүй, үг хэл ойлгомжгүй болох, ээрэх, нүүр гарын хөдөлгөөн сулрах зэрэг шинж илэрвэл яаралтай 103 дуудах хэрэгтэй юм. Түүнчлэн харвалт нь тойрч болох эрсдэл бөгөөд эрсдэлийг бууруулахын тулд зөв хооллож, дасгал хөдөлгөөн хийх, цусны даралтаа тогтмол хянах, цусан дахь өөх тосны хэмжээг бууруулах, стресс уур бухимдлаа багасган тайван байх, хорт зуршлаа хаях хэрэгтэй” гэдгийг оролцогчдод анхааруулж хэлсэн юм.

Өдөрлөгийн үеэр Нэгдсэн эмнэлгийн дарга Х.Жаргал “Иргэд цусан дахь сахар болон өөх тосны хэмжээг тогтмол хянаснаар харвалтаас урьдчилан сэргийлэх боломжтой юм. Мөн эрүүл мэндийн даатгалаараа жилд нэг удаа урьдчилан сэргийлэх илрүүлэг үзлэгт тогтмол хамрагдах боломжтой” гэлээ.

Дундговь аймгийн хэмжээнд өнгөрсөн онд 56 хүн харвалтын оноштойгоор эмчлүүлсэн бол энэ онд харвалтаар өвчлөгчдийн тоо 34 болж буурсан байна. 

Холбоотой мэдээ