Налайхын шинэ замаар байгалийн хийн хөдөлгүүрт автобус үйлчилнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км шинэ замыг даваа гарагт нээнэ. Уг зам ашиглалтад орсон өдрөөс Монгол Улсад анх удаа Налайх-Улаанбаатар чиглэлд байгалийн шингэрүүлсэн хийн хөдөлгүүрт /CNG/ нийтийн тээврийн автобус явуулахаар төлөвлөснийг НЗДТГ мэдээлэв.
Ингэснээр иргэд нийтийн тээврийн үйлчилгээндээ агаарын бохирдол үүсгэхгүй, байгалийн шингэрүүлсэн хийн хөдөлгүүрт тав тухтай том оврын автобусаар үйлчлүүлэх юм. Байгалийн хий нь шаталтын дулаан өндөр, байгаль орчинд бага бохирдол ялгаруулдаг, эдийн засгийн хэмнэлттэй тул орчин үед олон улсад нийтийн тээврийн салбарт түгээмэл ашигладаг байна.
Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны ажлын хөтөлбөрт “Нийтийн тээвэрт парк шинэчлэлт хийж, иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн шинэ чиглэл бий болгоно”, "Нийтийн тээврийн хэрэгслийг байгальд ээлтэй технологид шилжүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж, эко автобус, троллейбусыг нэмэгдүүлнэ” гэсэн зорилт тусгажээ.