Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна

ТОЙМ
ariunbold@montsame.gov.mn
2019-11-03 20:34:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Худалдааны яамны Хятад, Монголыг хариуцсан дэд сайдын орлогч Алан Төрлийг хүлээн авч уулзсан, Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж, хүчингүй болгосон зэргээр  өнгөрч буй долоо хоногт Монголын улс төрийн амьдрал өрнөв. Мөн Засгийн газрын хуралдаанаар Өмнийн говьд цахилгаан станц байгуулах тухай үндэсний компаниудын төсөлтэй танилцаж, “Ахмад настны хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр”-ийг баталлаа.


“Ахмад настны хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр”-ийг батлав



Засгийн газрын ээлжит хуралдаан өнгөрсөн сарын 30-нд болж, “Ахмад настны хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр”-ийг батлав.


Хөтөлбөрийн хүрээнд ахмад настны аж байдлыг дээшлүүлж, ядуурлаас хамгаалах, эрүүл мэндийг дэмжих, урт хугацааны тусламж үйлчилгээний тогтолцоо бүрдүүлэх, амьдрах орчин, нөхцөлийг нь сайжруулах 62 ажил өрнүүлэх юм. Эдгээр ажлыг улс, орон нутгийн төсөв, олон улсын байгууллага, гадаадын зээл, хандив, тусламжаар хэрэгжүүлэх юм.


Манай улсын 60 ба түүнээс дээш настны хүн амын нийт хүн амд эзлэх хувь 2015 онд 6.4 хувь байсан бол 2030 онд 11.9, 2050 онд 21.1 хувьтай тэнцэх магадлалтай байна. Дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ахмадуудын нийгмийн хамгаалал сайжирч, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх хангагдана хэмээн үзэж буй юм.


Налайхын замыг энэ сарын 4-нд нээнэ



Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улаанбаатар-Налайх-Чойр чиглэл дэх автозамын барилга угсралт, засвар арчлалтын ажлын явцын талаар холбогдох албаныхны мэдээллийг өнгөрсөн сарын 28-нд сонсож, үүрэг өгөв.


Зам тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтараар ахлуулсан ажлын багийн гишүүдийн өгч буй мэдээллээр Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг дэх Улиастайн гүүрнээс Налайх-Чойр чиглэлийн замын ажил 70 орчим хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Ойрын өдрүүдэд цаг агаар эрс хүйтэрсэн учир асфальт, бетон цутгах зэрэг ажил зогссон. Уг нь, Нийслэлийн ойн өдрийг тохиолдуулан Улаанбаатар-Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км автозамын хөдөлгөөнийг нээх төлөвлөгөөтэй байсан. Харин Монгол Улсын Ерөнхий сайд цаг үеийн мэдээлэлд үндэслэн тус замын хөдөлгөөнийг өнөөдөр нээхийг хориглож,  ард иргэд, зорчигчдын аюулгүй байдлыг хангасан цагтаа нээхийг үүрэг болгов. Тэрбээр, халтиргаа гулгаа ихэссэн энэ үед хөдөлгөөн ихтэй байдаг тус замд нэмэлт тэмдэг тэмдэглэгээ, гэрэлтүүлэг, анхааруулга зэрэг туслах хэрэгслийг бүрэн тавьж, иргэдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг нэн түрүүнд хангах ёстойг ажлын багийн гишүүдэд онцгой анхааруулав. 


Өнөөгийн байдлаар гэрэлтүүлэг, замын тэмдэглэгээний ажлууд хийж байгаа бөгөөд нийт 900 ширхэг гэрлийн шонг 30 метр тутамд байршуулах юм. Ажлын багийн гишүүд замын нэмэлт ажлыг нэг долоо хоногт дуусгах боломжтой гээд энэ сарын 4-нд хөдөлгөөнийг нээхээр тогтсон юм.


Өмнийн говьд цахилгаан станц байгуулах төсөлтэй танилцав



Засгийн газар өнгөрсөн сарын 31-нд ээлжит бусаар хуралдаж Өмнийн говьд цахилгаан станц байгуулах тухай үндэсний компаниудын төсөлтэй танилцав.


Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын хүрээнд “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын баримт бичиг”, “Өмнөд говийн дэд бүтцийг хөгжүүлэх баримт бичиг”, “Таван толгойн цахилгаан станц барих” төсөл зэрэг бодлогын баримт бичиг гаргаж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар цахилгаан станц барьж 2023 онд ашиглалтад оруулахаар тусгасан. Энэ хүрээнд үндэсний үйлдвэрлэгч томоохон компаниуд өөрсдийн санаачилгаар цахилгаан станц байгуулах төсөл боловсруулснаа Засгийн газрын хуралдаанд танилцуулав. Оюутолгой, Тавантолгойн бүлэг ордыг түшиглэн “М Си Эс” компани “Таван толгой цахилгаан станц”, “Нью ком”  компани “Сэргээгдэх эрчим хүчний цахилгаан станц” байгуулахаар тус тус төсөл боловсруулжээ.


"М Си Эс" компани бүтээн байгуулалтыг 2020 оны гуравдугаар сард эхлүүлж, 2023 онд ашиглалтад хүлээлгэн өгөх боломжтой. Нэг кВт цахилгааны үнийг 9,5 цент байхаар тооцжээ. "Нью ком" компани нэг кВт эрчим хүчийг 11,5 центээр тогтоож, бүтээн байгуулалтыг 2022 онд дуусгана гэв. Өмнөд говийн бүсэд цахилгаан станц баригдсанаар Оюутолгой компанийн эрчим хүчний импортод жилд төлж буй 200 гаруй сая ам.доллар дотоодын зах зээлд үлдэхээс гадна Монгол Улсын өмнөд бүсийн говийн дэд бүтцийн хөгжилд дэвшил гарч, эрчим хүчний хараат байдлаас ангижирч, дотоодоосоо эрчим хүчээ хангадаг болох юм.


АМНАТ-ыг давхардуулсан зохицуулалтыг хүчингүй болгов



Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар, Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэх Дунд суудлын хуралдааны 03 дугаар дүгнэлтийг үндэслэлтэй хэмээн үзэж, эцэслэв.


УИХ-ын гуравдугаар сарын 26-ны хуралдаанаар, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг баталсан. Тус өөрчлөлтөөр, ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан аж ахуйн нэгж болон Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан хуулийн этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/ төлөгч байхаар тусгажээ. Ингэхдээ тухайн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлөхөөр зохицуулсан байна.


Өмнө нь зөвхөн ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь АМНАТ төлдөг байсныг  өөрчилж, ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд бүр төлдөг байхаар хуульчилжээ. Өөрөөр хэлбэл, АМНАТ гэх нэг төрлийн төлбөрийг тухайн ашигт малтмалыг олборлож, худалдаж байгаа этгээдээс гадна түүнийг худалдан аваад ашигт агуулгыг нэмэгдүүлж, баяжуулан нэмүү өртөг шингээн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч хүртэл авах давхардал бий болгосон байна. Энэ нь дотоодын үйлдвэрлэл, аж ахуй эрхлэгч иргэдийг дэмжих агуулгагүй, харин улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангах, түүний тогтвортой байдлыг бий болгох, цаашлаад үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд сөрөг үр дагавар үүсгэх зохицуулалт болсон  байна гэж Цэцийн Дунд суудлын хуралдааны 03 дугаар дүгнэлт гарчээ.  Иймд уг хуулийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалт Үндсэн хуулийн дээрх заалтыг зөрчих нөхцөл байдлыг үүсгэсэн тул хүчингүй болгов.


Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн улмаас ирэх онд уул уурхайн аж ахуй эрхлэгчдээс авах 1.3 их наяд төгрөгийн татвар тасрах магадлалтай болсныг Сангийн сайд мэдэгдээд буй. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар 2020 оны төсвийн орлогыг тасалдуулахгүйгээр хуульд өөрчлөлт оруулах боломж бий хэмээн мэдээлсэн. Түүнчлэн УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар Сангийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Татварын ерөнхий газрын холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, уг хуульд өөрчлөлт оруулахыг үүрэг болгосон юм.


Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Худалдааны яамны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа



Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Худалдааны яамны Хятад, Монголыг хариуцсан дэд сайдын орлогч Алан Төрли тэргүүтэй зочид төлөөлөгчдийг өнгөрсөн сарын 29-нд хүлээн авч уулзлаа.


Ноён Алан Төрли хөдөө аж ахуй, мэдээллийн технологи, уул уурхайн тоног төхөөрөмж, хими, төмөр замын дэд бүтцийн зэрэг салбарт дэлхий даяар үйл ажиллагаа явуулдаг томоохон компанийн удирдлагуудтай хамт ирсэн бөгөөд Монгол Улсад ажиллаж байгаа нь Ерөнхийлөгч Х.Баттулга, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нарын эдийн засаг, худалдааны харилцааг өргөжүүлэх саналыг ажил хэрэг болгох зорилготой хэмээн онцоллоо.


АНУ-ын Худалдааны яам Монгол Улстай хөдөө аж ахуй, мал аж ахуйн чиглэлээр түлхүү хамтарч ажиллах сонирхолтой ч Монгол Улсад өрнөж буй төмөр зам, агаарын тээврийн бүтээн байгуулалт, идэвхтэй өсөн нэмэгдэж буй интернет хэрэглэгчдийн тоо зэрэгт тулгуурлан бизнес, хамтын ажиллагааны шинэ арга хэлбэрийг ч эрэлхийлж буйгаа мэдэгдсэн юм.


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга одоо хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдээ дэлгэрэнгүй танилцуулж, аль салбарт хамтран ажиллаж буйгаас үл хамааран технологи болон санхүүжилтийн таатай нөхцөлтэй байвал харилцан ашигтай бизнесийн үндэс болно хэмээн онцлон тэмдэглэсэн. АНУ-ын Худалдааны яамны болон хувийн хэвшлийн төлөөлөгчид нэг удаагийн ашиг олох бизнес бус урт хугацааны түншийн харилцаатай болох эрмэлзэлтэй гэдгээ илэрхийлж, Монгол Улсад өрнөж буй бүтээн байгуулалт, бизнесийн таатай боломжуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнд талархал илэрхийлэв. 


Төрөлжүүлсэн цэргийн албыг бэхжүүлнэ



Засгийн газар өнгөрсөн сарын 31-нд ээлжит бусаар хуралдаж, Зэвсэгт хүчний тухай хуулинд зарим нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй хэмээн үзэж нэмэлт өөрчлөлтийн хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.


Хуулийн төсөлд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд байгаа барилга инженерийн нэгжийг өргөжүүлэн бие даасан төрлийн цэргийн хэмжээнд бэхжүүлэх болон улс орны кибер орон зайг хамгаалах чиг үүрэг бүхий кибер цэрэг бий болгох эрхзүйн шинэ зохицуулалт оруулахаар төлөвлөж байна. Зэвсэгт хүчний бэлэн байдлыг алдагдуулахгүйгээр бие бүрэлдэхүүн техник хэрэгслийг улс орны бүтээн байгуулалтын ажилд оролцуулж буйтай холбогдуулан цаашид улс орны томоохон бүтээн байгуулалтуудад цэргийн албан хаагчдыг дайчлан оролцуулах үүднээс зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн дэх барилга инженерийн нэгжийг өргөжүүлж, төрөлжүүлэн төрлийн цэрэг байгуулах нь зүйтэй юм.


Мэргэжлийн байгууллагуудын гаргасан дүн мэдээнээс үзэхэд, манай улсад бусад орны дунджаас 8-15 дахин их кибер халдлага бүртгэгдээд байна. Орчин үед дэлхийн улс орнууд кибер аюулгүй байдлыг үндэсний аюулгүй байдлынхаа нэг хэсэг болгон авч үзэж кибер орон зайгаа бодит орон зайн адилаар батлан хамгаалж хөгжүүлж байгаа. Монгол Улс үүний нэгэн адил өндөр ур чадвар бүхий бэлтгэгдсэн кибер цэрэгтэй болох зайлшгүй шаардлагатай юм.


ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв



Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар тэтгэврийн насанд хүрсэн, бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Шүүхийн ерөнхий зөвлөл /ШЕЗ/-ийн дарга Н.Лүндэндоржийг албан тушаалаас нь чөлөөлөв. Мөн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон Д.Эрдэнэчулууныг ШЕЗ-ийн гишүүнээс чөлөөлж Л.Атарцэцэгийг оронд нь томиллоо.


Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд энэ сарын 2-нд ШЕЗ-ийн гишүүд, албан хаагчдад зарлигийг танилцуулсан юм. Шүүхийн захиргааны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т “Ерөнхий зөвлөлийн даргын түр эзгүйд түүний үүргийг хамгийн ахмад настай гишүүн нь орлон гүйцэтгэнэ” гэж заасны дагуу ШЕЗ-ийн даргын тамгыг зөвлөлийн хамгийн ахмад настай гишүүн болох Л.Атарцэцэгт үлдээв.

Холбоотой мэдээ