АНУ-ын Төрийн департаментын илтгэлийг улс төрийн өдөөн хатгалга гэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-11-05 12:57:47

ПЁНЬЯН. /KCNA/. Дэлхийн терроризмтой тэмцэх асуудлуудын тухай АНУ-ын Төрийн департаментын илтгэлийг БНАСАУ-ын Гадаад хэргийн яам улс төрийн ноцтой өдөөн хатгалга гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Энэ тухай Солонгосын Төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлэв. Тус илтгэлд БНАСАУ терроризмын үйл ажиллагааг ивээн тэтгэгч улс хэвээр байгааг дурджээ.


“Элдэв худал хуурмагаар дүүрсэн АНУ-ын илтгэлийг манай улсад чиглэсэн улс төрийн ноцтой өдөөн хатгалга хэмээн БНАСАУ-ын Гадаад хэргийн яам зэмлэн буруушааж байгаа бөгөөд үүнийг бүрэн няцааж байна. Энэ бүхэн нь АНУ манай улсыг жигшин зэвүүцэж, БНАСАУ-д чиглэсэн дайсагнасан бодлогоо тууштай явуулсаар байхыг илт харуулж байна” хэмээн мэдэгдэлд онцлон тэмдэглэжээ.


"Хоёр улсын яриа хэлэлцээ мухардмал нөхцөл байдалд байгаа ийм хурцадмал үед АНУ БНАСАУ-д терроризмыг ивээн тэтгэгч улс гэх нэрийг урьдын адил зүүсэн  хэвээр байгаа нь яриа хэлэлцээний түнш болох БНАСАУ-ын хувьд доромжлол бөгөөд итгэл эвдсэн явдал юм” хэмээн үзэж байгаагаа БНАСАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч илэрхийлжээ. Бүх хэлбэрээр илрэх терроризмтой тэмцэх нь БНАСАУ-ын тууштай байр суурь болохыг тэрбээр онцлон тэмдэглэсэн байна. 

Холбоотой мэдээ