Цэргийн ансамблийн алдарт бүжигчин Х.Ёндонгийн нэрэмжит уралдаан боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-11-05 21:34:47

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Баян-Овоо сумын уугуул, БНМАУ-ын нэгдүгээр зэргийн бүжигчин, Монгол Улс, ЗХУ-ын Соёлын тэргүүний ажилтан, дэд хурандаа, дипломатч, Цэргийн ансамблийн бүжигчин Хорлоогийн Ёндонгийн нэрэмжит “Монгол бүжгийн гайхамшиг” хоёрдугаар уралдаан боллоо.

Энэхүү уралдаанд гурван аймгийн 14 сумын 211 авьяаслаг бүжигчин сурагчид оролцов. 2012 онд Хэнтий аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 48 дугаар тогтоолоор Баян-Овоо сумын Соёлын төвийг Алдарт бүжигчин Хорлоогийн Ёндонгийн нэрэмжит болгон 2016 онд “Монгол бүжгийн гайхамшиг” анхдугаар уралдааныг зохион байгуулж байжээ. Ингээд уралдааны шилдгүүдийг уншигчиддаа танилцуулъя.

 

9-12 дугаар ангийн гоцлол бүжгийн төрөлд:

Тэргүүн байрыг  Хэрлэн 4-р сургуулийн 12-р ангийн сурагч Б.Сарансувд

Дэд байрыг Бор-Өндөр цогцолбор сургуулийн 10-р ангийн сурагч Б.Айжан

Гутгаар байрыг Бор-Өндөр цогцолбор сургуулийн 9-р ангийн сурагч Г.Эрдэнэзаяа

Тусгай байрыг Баян-Овоо сумын ЕБС-ийн 9-р ангийн сурагч Б.Алгирмаа,

 

3-8 дугаар ангийн хамтлаг бүжгийн төрөлд:

Тэргүүн байрыг Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын ЕБС-ийн “Бүжгэн долгио” хамтлаг

Дэд байрыг Гурван-баян тосгоны ЕБС-ийн “Хэмнэл” хамтлаг

Гутгаар байрыг Дэлгэрхаан сумын ЕБС-ийн “Гэрэлт ирээдүй” хамтлаг

Тусгай байрыг Баян-Овоо сумын ЕБС-ийн “Хараацай” хамтлаг

 

3-8 дугаар ангийн гоцлол бүжгийн төрөлд:

Тэргүүн  байрыг Гурван-баян тосгоны ЕБС-ийн 7-р  ангийн сурагч Э.Отгонбилэг

Дэд байрыг Бор-Өндөр цогцолбор сургуулийн 5-р ангийн сурагч Г.Хүслэн

Гутгаар байрыг Баян-Овоо сумын ЕБС-ийн 5-р ангийн сурагч М.Номин-Эрдэнэ

Тусгай байрыг Гурван-баян тосгоны ЕБС-ийн 4-р ангийн сурагч Б.Бөртэ-Үжин

 

9-12 дугаар ангийн хамтлаг бүжгийн төрөлд: 

Тэргүүн байрыг  Бор-Өндөр цогцолбор сургуулийн “Болор шигтгээ” хамтлаг

Дэд байрыг Хэрлэн 4-р  сургуулийн “Шигтгээ” хамтлаг

Гутгаар байрыг Хан Хэнтий цогцолбор сургуулийн “Сакура” хамтлаг

Тусгай байрыг Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын ЕБС-ийн “Бүжгэн долгио” хамтлагууд тус тус эзэлж, нийт 16 шагналын эзэд тодорч, цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.

 

Түүний хүү Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ё.Манлайбаяр хэлэхдээ: “Миний аав хоёр зүйлд үнэнхүү чин зүрхнийхээ угаас хайртай байдаг байсан. Энэ бол бүжгийн урлаг, төрсөн нутаг хоёр нь юм. Би өнөөдөр маш их баярлаж байна. Аавынхаа хоёр хүслийг биелүүллээ. Аав минь тэнгэрээс харж баярлаж байгаа гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. 2022 онд аавын минь мэлмий гийсний 100 жилийн ой тохионо. Та бид “Монгол бүжгийн гайхамшиг” гуравдугаар уралдаанаа хамт тэмдэглэх болно. Монгол бүжгийн урлаг хөдөө орон нутагт мэргэжлийн түвшинд хөгжиж байгааг зүрх сэтгэлээрээ мэдэрлээ. Та нараараа бахархаж байна “ гэлээ.

Эрхэм хүмүүн Х.Ёндон нь 1940 онд буюу 18 насандаа Улсын төв театрт /Бөмбөгөр ногоон/ жүжигчнээр орж “Шарай голын гурван хаан”, “Жаргал”, “Гайхамшигт лимбэ”, “Амарсанаа”, “Залуу эх Замбага”, “Гүүр” зэрэг жүжгийн туслах дүрд тоглож, их урлагийн замд хөл тавьж, “Учиртай гурван толгой” дуурийн шинэчилсэн анхны тоглолтод орж бүжиглэснээр “Бүжигчин Ёндон” гэх хазайлгаж болохгүй титэм шиг алдраар овоглогдох болсон байна.

Тэрээр 1942 онд ардын цэргийн албанд татагдахад, цэргийн ансамбль цэрэг-бүжигчнээр авсан юм.

Ийнхүү 1945 онд чөлөөлөх дайны фронтод явж Өвөр Монголын Шилийн гол, Будвал ноёны хошуу, Бандид гэгээний хийд, Хятадын Долнуур хотын ард олонд эх орныхоо соёл урлагийг сурталчилж, ах дүү Монгол-Зөвлөлтийн армийн дайчдын ялалтын туган дор ая дуу, авъяаслаг бүжгээрээ уухайн түрлэг өргөж явжээ.

1947 онд офицер болж, Ансамблийн бүжиг ангийн дарга, Цэргийн ансамблийн дарга хүртэл дэвшин ажиллаж, 1986 онд одоогийн ЦДБЭЧ-ын дэргэд “Дайчин алдар” хэмээх ахмад уран бүтээлчдийн дуу, бүжгийн чуулгыг санаачлан байгуулж, 1300 удаагийн тоглолтыг Улаанбаатар болон орон нутагт хийж, хагас сая шахам хүнд урлагаар үйлчлэн, Буриад улсад хоёр удаа, Халимагт хоёр удаа аялан тоглолт хийж, агуу эх орны дайны 50 жилийн ойн баярт оролцож явжээ.

Жирийн малчин ардын хүү Хорлоогийн Ёндон цэргийн албыг 30 жил хааж, жагсаалын цэргээс ангийн захирагч, дэд хурандаа болтлоо 60 жил цэрэг арми, улс эх орондоо үнэнчээр зүтгэж, монгол бүжгийн урлагийг сурталчилж, зааж сургаж, хойч үедээ өвлүүлэн үлдээхийн төлөө хөдөлмөрлөж явсныг эргэн дурсахуйн учир энэ буюу.

Хорлоогийн Ёндон гуайн хувьд монгол бүжгийн урлагийг хөгжүүлэх үйлсэд өөрийн авьяас чадвар, оюун ухаанаа зориулахаас гадна төрж өссөн Гүрмийн нуур, Хэрлэн мөрөн, Жавхлантын уулс, нутаг орон, түмэн олонтойгоо амин холбоотой байж Улаанбаатар хот дахь Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Нутгийн зөвлөлийн гүйцэтгэх захирлаар ажиллаж олон бүтээлч ажлуудыг санаачлан зохион байгуулж байжээ.

 

Холбоотой мэдээ