Сэлэнгэ ротари клуб 150 мянган ам.долларын төсөл хөтөлбөрийг аймагтаа хэрэгжүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-11-08 13:20:10

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Сэлэнгэ ротари клуб нь 2014 онд тухайн үеийн аймгийн Засаг дарга асан С.Бүрэнбатын санаачилгаар, салбар бүрийн төлөөлөл оролцсон бүрэлдэхүүнтэй байгуулагдсан байна. Энэ цагаас хойш 5 жилийн хугацаанд тус клубийнхэн нийтдээ 150 мянган ам.долларын өртөг бүхий төсөл хөтөлбөрийг аймагтаа хэрэгжүүлжээ.

Тухайлбал эрүүл мэнд, боловсролын чиглэлээр 12 удаагийн төсөл хөтөлбөрийг өөрсдийн нөөц боломж болон бусад 17 клубүүд, БНСУ-ын Даннарү, АНУ-ын Оакдель клубтэй хамтран хэрэгжүүлсэн байдаг байна. Энэ өдрүүдэд тохиож буй Сэлэнгэ ротари клубийн 5 жилийн ойг хүндэтгэн олон улсын ротарийн 3450 дүүргийн үе үеийн бүсийн захирагч нар, одоогийн 9,10-р бүсийн захирагчид, анх итгэмжлэн батлан дааж "ээж" клубээр ажилласан "Хүрээ" ротари клуб, мөн зорилго нэгтэй ажилладаг "Улаанбаатар", "Номт", "Ulaanbaatar peace avenue", "Нарлаг Улаанбаатар", "Улаанбаатар Хангарьд", "Нийслэл", "Ulaanbaatar central" зэрэг клубийн 80 гаруй зочид төлөөлөгчид хүрэлцэн иржээ.

Ротари нь дэлхийн 200 гаруй оронд 35 мянган клубийн 1.2 сая гишүүнтэй 114 жилийн арвин түүхт сайн дурын, хүмүүнлэгийн байгууллага юм. Монгол Улсад анх 1995 онд Улаанбаатар ротари клуб байгуулагдаж байсан бол өдгөө 18 ротари клуб, 18-30 насны гишүүдтэй 16 ротаракт клуб, 12-18 насны гишүүдтэй 4 интеракт клуб тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа аж. Тэд нийгэмд тустай олон ажлыг өөрсдийн нөөц боломж болон олон улс, дүүргийн ротари сангаас санхүүжүүлэн ажилладаг байна.

Холбоотой мэдээ