Монголын поп дива дуучид хаалтын тоглолтоо Дундговь аймагт хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-11-06 13:28:49
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Монголын поп дива дуучид МУГЖ Ж.Алтанцэцэг, СТА С.Сэрчмаа нарын хамтарсан “Алтанцэцэг, Сэрчмаа & 21 tour concert” аялан тоглолт дуу хуурын өлгий Дундговь аймагт 27 дахь хаалтын тоглолтоо хийлээ.

МУГЖ дуучин Ж.Алтанцэцэг 12 жилийн өмнө мөн аялан тоглолтоо хийж, эх орноо тойрч байсан бол СТА С.Сэрчмаагийн хувьд анхныхаа аялан тоглолтыг хийж байгаа аж.

Дуучин С.Сэрчмаа “Санаан заяаны монгол” шинэ уран бүтээлээрээ тоглолтоо эхэлж, хийл хөгжим тоглон “Аавдаа” дуугаа дуулж, “Ангир ижий”,  “Өвлийн дуу”, “Хаа ч явсан цуг гэж мэдээрэй” зэрэг хит болсон дуунуудаа дуулж, үзэгчдийг хөгжөөж, хамтран дуулж, тэдний хайр, талархлыг хүлээж чадсан.  

МУГЖ  Ж.Алтанцэцэг хэлэхдээ "Дуучин хүний хувьд, мөн эх хүний хувьд Монголынхоо ирээдүй болсон хойч үе, бяцхан үрсийнхээ төлөө дуугарч, түүчээ болж явна гэдэг үгээр илэрхийлж хэлэх аргагүй тансаг үүрэг бөгөөд, жаргал минь билээ. Би 2011-2013 онд тоглосон бүх тоглолтынхоо орлогоос хүүхэд багачуудынхаа сайн сайхны төлөө хандив өргөж байсан" гээд АНУ-д ажиллаж амьдарч байхдаа өөрийн бүтээсэн “Чингисийн хүүхдүүд” киноны дуу “Алган дээрх үрс” шинэхэн уран бүтээлээ толилууллаа. Мөн “Бооцоо” жүжгийн дуу “Сэрүүн зүүд шиг амьдрал”, “Харьд одсон бүсгүйн заяа” киноны дуу, “Мандах нар” зэрэг хит болсон олон сайхан дуунуудаа дуулж, Дундговьчуудын сэтгэлийг хөдөлгөлөө.

Тэрээр дуу хуурын өлгий нутгийн үзэгчдийн дундаас уртын дуу дуулах дуучин сонгосон нь МУГЖ  Ж.Дүнжмаа байсан нь бүгдийн сэтгэлийг хөдөлгөж, Ж.Дүнжмаа гавьяат уртын дуугаа дуулж, дуучин Ж.Алтанцэцэг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзад багшийгаа болон нэгэн үе хамт сурч байсан Дундговь аймгийн дуучид, найзуудыгаа дурсан санаж, дурсамжаа хуваалцсан нь тоглолтыг улам халуун дулаан болгож, үзэгчдийн сэтгэлийг хөндөж байсан.

Тоглолтын үеэр үзэгчдийн дундаас азтай гурван үзэгчийг шалгаруулж, ивээн тэтгэгчдийнхээ дурсгалын зүйлийг гардуулсан юм. 


Холбоотой мэдээ