"Тэнгэр шиг бай" тоглолт өнөөдөр болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын гавьяат жүжигчин, НҮБ-ын Хүүхдийн сангийн элч дуучин Т.Ариунаагийн "Тэнгэр шиг бай" тоглолт өнөөдөр 17.00 цагаас "Буянт-Ухаа" спортын ордонд болно.
Тоглолтыг Авто тээврийн үндэсний төвөөс дэмжиж үзэгчдэд үнэ төлбөргүй үйлчлэх юм байна. Тодруулбал, Улсын драмын эрдмийн театр, "Аса" циркээс "Буянт-Ухаа" спортын ордон руу 16.00, 17.30 цагт, тоглолтын дараа Монголын хүүхдийн ордон хүртэл автобусаар үйлчилнэ.
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, яруу найрагч О.Дашбалбарын шүлэг, Б.Бямбабаярын ая "Тэнгэр шиг бай" дуугаар нэрлэсэн тоглолт дээрээ дуучин Т.Ариунаа Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт яруу найрагч, Ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн шүлэг, Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Б.Шаравын ая "Тусгаар тогтнол" шинэ дуугаа үзэгчдэд анх удаа толилуулах юм байна.
Түүнчлэн тоглолтод нь "Хар сарнай"-н Амараа, "Хар тас"-ын Марка, дуучин Т.Дэлгэрмөрөн, жүжигчин Т.Бархүү, ICE TOP хамтлагийн Манлай, Motive хамтлагийн дуучин Ганбаа зэрэг олон уран бүтээлч оролцох аж.