“ДБЭХС” ТӨХК-ийн хүчин чадлыг 50 МВт-аар нэмэгдүүлнэ

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2019-11-08 17:54:03

Дорнод /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дорнод аймгийн төвд өнөөдөр ажиллаж, “ДБЭХС” ТӨХК-ийг 50 МВт-аар нэмэгдүүлэх өргөтгөлийн  шав тавих ёслолд оролцов. Дан ганц Дорнод аймгаар зогсохгүй Хэнтий, Сүхбаатар аймгийг эрчим хүчээр хангадаг тус станц сүүлийн жилүүдэд хүчин чадлаасаа давсан ачаалал үүрэх болсон.

Зүүн гурван аймагт уул уурхайн салбар эрчимтэй урагшилж, үүнд шаардагдах цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэх болсон нь ачааллыг эрс нэмэгдүүлж байгаа гэдгийг “ДБЭХС” ТӨХК-ийн удирдлага Ерөнхий сайдад танилцуулсан. Тиймээс өргөтгөл барих асуудал сүүлийн арваад жил эрчимтэй яригдсаар өнөөдөртэй золгоод байсан юм. Тэгвэл ийнхүү цахилгаан эрчим хүчний асуудлыг шийдсэнээр зүүн бүсэд газрын тос олборлолт, уул уурхайн салбарыг  тогтвортой хөгжүүлэх, томоохон бүтээн байгуулалт хийх боломж бүрдлээ гэж Ерөнхий сайд онцоллоо.

50 МВт-ын өргөтгөлийг жил хагасын хугацаанд барихаар төлөвлөж, шаардагдах хөрөнгийг Хөгжлийн банкны зээлээр санхүүжүүлнэ гэв. 

Тэрээр өчигдөр Газрын тосны 19, 21-р талбайд ажиллаж, газрын тос олборлолтын нөхцөл байдалтай танилцан, "Петро Чайна Дачин тамсаг" компанийн монгол ажилчидтай уулзалт хийсэн юм. Харин өнөөдөр үдээс хойш Дорнод аймгийн иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийснээр Улаанбаатар хот руу хөдөллөө. 

Холбоотой мэдээ