Өсвөрийн хуучир хөгжимчдийн дунд уралдаан зарлалаа

Монголын мэдээ | Соёл урлаг
bolor@montsame.mn
2019-11-08 17:28:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, МУСТА, хуучир хөгжмийн нэрт багш Д.Бодьсүрэнгийн 70 насны ойг угтан өсвөрийн хуучир хөгжимчдийн дунд “Эгшгэн хэлхээ” анхдугаар уралдаан зарлалаа.


Тус уралдаан хуучир хөгжмийн мэргэжлийн сургалт, хөгжилд оруулсан хувь нэмрийг нь мөнхжүүлэх, заах арга барилыг нь уламжлуулан өвлүүлэх, өсвөрийн хуучир хөгжимчдийн хөгжимдөх ур чадварыг дээшлүүлэх, монгол үндэсний хөгжмийг олон түмэнд таниулах зорилготой.


Уралдааны ерөнхий зохион байгуулагчаар Монгол Улсын Консерватори, Үндэсний хөгжмийн мэргэжлийн сургууль, Д.Бодьсүрэн багшийн үр хүүхдүүд, шавь нар ажиллаж байгаа бөгөөд мэргэжлийн хөгжмийн сургууль болон сонирхогчдын гэсэн хоёр төрлөөр зохион байгуулах юм. 


Багш Д.Бодьсүрэн 1968 онд Хөгжим бүжгийн дунд сургуулийг хуучирч мэргэжлээр Т.Банзрагч багшийн удирдлага дор “онц” дүнтэй төгсжээ. 1970 он хүртэл УАДБЧ-д хөгжимчнөөр хоёр жил ажиллаад түүнээс хойш тасралтгүй 42 жил багшлахдаа 60 гаруй мэргэжлийн хуучирч бэлтгэн төгсгөсөн юм.

Холбоотой мэдээ