Он гарсаар 167 иргэнд газар өмчлүүлжээ

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2019-11-08 21:45:51

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас энэ оны есдүгээр сарын байдлаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 167 иргэнд газар өмчлүүлжээ.


Тодруулбал, Засгийн газрын 2019 оны гуравдугаар сарын 27-ны 199 дүгээр тогтоолоор тус аймгийн хэмжээнд 663 иргэнд 45,39 га газрыг өмчлүүлэхээр төлөвлөсөн ч есдүгээр сарын байдлаар нийт 167 газар өмчлүүлжээ. Тэдгээрээс шинээр 138, эзэмшиж буй газраа 29 иргэн өмчлөх эрхээ авсан хэмээн тус аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн Ш.Батчимэг танилцууллаа. Тэрээр цааш нь хэлэхдээ “Газар зохион байгуулалтын 2019 оны хот суурины газрын төлөвлөгөөний дагуу иргэдэд газар өмчлүүлэх ажил он дуусахаас өмнө 80 хувьд хүрнэ” гэлээ.


Тус аймгийн хэмжээнд 2018 онд 18 сум, хоёр тосгонд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 1693 иргэнд 122.45 га газрыг үнэ төлбөргүй өмчлүүлэхээр төлөвлөж байсан бол энэ жил тоо нь буурсан үзүүлэлттэй байна. 

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2003 оноос эхлэн хэрэгжиж иргэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчилж эхэлсэн билээ. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн долоодугаар зүйлд Нийслэлд бүртгэлтэй иргэд 0,07 га буюу 700м2 хүртэл, аймгийн төвд 0,35 га буюу 3500м2, сумын төвд 0,5 га буюу 5000м2 хүртэл хэмжээний газрыг нэг удаа үнэ төлбөргүй өмчлөх эрхтэй бөгөөд иргэд эзэмшиж буй газраа өмчилж авснаар өмчилсөн газрыг зохих журмын дагуу Монгол Улсын иргэнд худалдах, арилжих, өвлүүлэх, бэлэглэх зэргээр захиран зарцуулах давуу талуудтай бөгөөд дээр нь хууль тогтоомжид заасан бусад эрхүүдийг ч мөн эдлэх боломжтой юм.


Холбоотой мэдээ