“Хамтарсан баг”-ийн гишүүдийг чадавхжуулах сургалт болж байна

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2019-11-11 17:38:01

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өнөөдөр аймгийн ГХУСАЗЗ, ГБХЗХГ-аас “Хамтарсан баг”-ийн гишүүдийг чадавхжуулах сургалтыг эхлүүллээ. Арвайхээр сумын 13 багийн “Хамтарсан баг” буюу сургуулийн нийгмийн ажилтнууд, хэсгийн цагдаа, багийн Засаг дарга нар, ТББ-ын төлөөлөл, ӨЭМТ-ийн ажилтнууд тус сургалтад хамрагдаж, хууль, эрхзүйн талаар мэдлэг, мэдээллээ сайжруулж байна.

Сургалтыг нээж, аймгийн ГХУСАЗЗ-ийн дарга А.Ишдорж хэлэхдээ “Ажилгүйдэл, ажилгүйдлээс үүссэн санхүүгийн бэрхшээл, үүнээс улбаатай хэрүүл маргаан өнөөдрийн гэр бүлд зонхилон тохиолдож байна. Нөгөө талаар баяр ёслол, наргиан цэнгээнийг алгасахгүй тэмдэглэх, архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх зэрэг нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэх нөхцөл болж байгаа ба үүний гол хохирогч нь хүүхдүүд юм. Гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, хохирогч хүүхдэд эрүүл мэнд, сэтгэл санааны дэмжлэг үзүүлж, хэвийн нөхцөлд эргэн ороход нь “Хамтарсан баг” чухал үүрэгтэй” хэмээв.

Өнгөрсөн сард ГБХЗХГ, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба санаачлан "Хамтарсан багийг чадавхжуулах орон нутгийн сургагч багш бэлтгэх сургалт"-ыг үндэсний хэмжээнд зохион байгуулсан бөгөөд тэрхүү сургалтад хамрагдаж, сургагч багшаар бэлтгэгдсэн гишүүд эргээд орон нутагтаа тухайн чиглэлээр сургалт зохион байгуулж, урьдчилан сэргийлэх ажлууд зохион байгуулж байна.

 

Холбоотой мэдээ