“Шимэгч” Хойд Америкт ихээхэн амжилт олжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2019-11-12 12:39:16

СӨҮЛ. /Yonhap/. Каннын кино наадмын шагналт “Шимэгч” хэмээх Солонгосын уран сайхны кино Хойд Америкийн зах зээлээс 11 сая гаруй ам.долларын орлого олсноор энэ онд тус зах зээлд хамгийн өндөр амжилтад хүрсэн гадаад хэлээрх кино болжээ.


“Энэхүү кино Хойд Америкийн кино театруудад өнгөрсөн 10 дугаар сарын 11-нд нээлтээ хийснээсээ хойш өнгөрсөн долоо хоногийн ням гараг хүртэлх нэг сарын хугацаанд 11.28 сая ам.долларын орлого олсон” гэж Америкийн “Variety” сэтгүүлд нийтэлсэн байна.


Ингэснээр “Шимэгч” 2019 онд Хойд Америкаас хамгийн их орлого олсон гадаад хэлээрх кино болсон бөгөөд урьд нь энэ амжилтыг “No Manches Frida 2” нэртэй Испани хэлээрх кино 9.27 сая ам.долларын орлоготойгоор эзэлж байжээ.


БНСУ-ын найруулагч Бон Жун Хогийн “Шимэгч” кино Каннын 72 дахь удаагийн кино наадмын “Алтан дал модны навч” шагнал, Сиднейн кино наадмын гол шагналыг хүртсэн юм. 

Холбоотой мэдээ