Сургууль, цэцэрлэгүүдийн цэвэрлэгээ, ариутгал халдваргүйтгэлийн чанар хангалтгүй байна гэж дүгнэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-11-13 11:00:29

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт энэ оны эхний 10 сарын байдлаар А гепатит буюу халдварт шар өвчний  84 тохиолдол бүртгэгдсэнээс 34 нь Улаанхус сумаас гарсан байна.

Халдварт өвчний дээрх төрлөөр голдуу сургуулийн насны хүүхдүүд өвчилж байгаа тул Мэргэжлийн хяналтын газрын ажлын хэсэг Улаанхус сумын төв болон тус сумын Согог, Хөх хөтөл багт төлөвлөгөөт бус шалгалт хийжээ. Шалгалтад ерөнхий боловсролын сургуулиуд, дотуур байр, хүүхдийн цэцэрлэг, эрүүл мэндийн төв, сургуулиудад үдийн цай нийлүүлэгч аж ахуйн нэгжүүд болон усны эх үүсвэр, хог хаягдлын цэгүүдийг хамруулжээ.

Шалгалтын явцад сургуулийн дотуур байр, хүүхдийн цэцэрлэгийн хүүхдийн тоо зохих хэмжээнээс 0,2-2 дахин их нягтралтай, Хөх хөтөл багийн дотуур байрны хүүхдүүд ундны болон ахуйн усыг зөөвөрлөж, нөөцөлж хэрэглэдэг, тухайн суманд Эрүүл ахуйн тухай хууль болон Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй, сумын Засаг даргаар ахлуулсан Нийгмийн эрүүл мэндийн зөвлөл халдварт шар өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр дорвитой арга хэмжээ аваагүй, сумын Эрүүл мэндийн төв, багийн эмнэлгийн зүгээс халдварт шар өвчний тохиолдол бүрт хавьтлын судалгааг хангалтгүй хийсэн зэрэг зөрчлүүд гарсан байна.  

Ундны усны 10 эх үүсвэрээс дээж авч, лабораторид шинжлүүлэхэд 50 хувь нь нянгийн бохирдолтой, 10 хувьд нь сальмонелла, E.коли илэрчээ. Мөн сав суулга, эд юмс, ажиллагсдын гар зэрэг 170 ширхэг гадаад орчны арчдасын 77 сорьцоос Е.коли, сальмонелла, энтеробактери илэрсэн ба 45,2% нь нянгийн бохирдолтой байжээ.

 Иймд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас сургууль, цэцэрлэгүүдийн өдөр тутмын цэвэрлэгээ, ариутгал халдваргүйтгэлийн чанар хангалтгүй, хүүхдүүдийг гар угаах нөхцөл боломжоор хангаагүй хэмээн дүгнэжээ.

Шалгалтын дүнг өнөөдөр сумын болон шалгуулагч байгууллагын удирдлагуудад танилцуулж, илэрсэн зөрчлүүдийг арилгуулахаар 10 хоногийн хугацаатай үүрэг даалгавар өгсөн байна.

Холбоотой мэдээ