Сургалтад хамрагдсан иргэн болон бүлгүүдэд үйлдвэрлэлийн чиглэлээр дэмжлэг үзүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-11-13 17:38:36

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт хэрэгжиж буй “Гэгээн ирээдүй” төслийн хүрээнд зорилтот 122 өрх рүү чиглэн ажиллаж, тэдний хэрэгцээнд тулгуурлан мэргэжлийн сургалтуудыг зохион байгуулжээ.  

Тухайлбал, энэ жил Улаанбаатар хотын "Оюунлаг" сургалтын төвтэй хамтран "Цэцэрлэгийн туслах багш"-ийн түргэвчилсэн сургалт, Архангай аймгийн ХХҮГ, МСҮТ-ийн 14 хоногийн оёдол эсгүүрийн сургалтад 10 эмэгтэйг зуучилж, “Футур” сургалтын төвтэй хамтран тогооч нарийн боовны сургалтыг мөн Хоршоо мэдээллийн төв, ХХҮГ-тай хамтарсан цагаан идээний мэргэжлийн сургалтад 3 хүнийг зуучилж, нийт 39 хүнийг хамруулсан байна.

Мөн төгсөгчиддөө “Мэдлэгийн сүлжээ” ТББ-тай хамтран төсөл бичих сургалтыг явуулж цаашид бизнес бүлэг үүсгэж, санхүүгийн дэмжлэг үзүүлэн бүлгүүдийн үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих юм. Энэ ажлын хүрээнд 7 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулан мэргэжлийн сургалтад хамрагдсан иргэдийнхээ дунд төслийн сонгон шалгаруулалт зарлаж, төслөө авсан байна. Үүнээс 8 бизнес бүлэгт тус бүр 2.000.000 төгрөгийг, өрхийн үйлдвэрлэлийн чиглэлээр 12 өрхөд тус бүр 1.000.000 төгрөгийн  дэмжлэг үзүүлэхээр боллоо.

ФЛОМ байгууллага нь Финланд Улсын Засгийн газрын ГХЯ-ны санхүүжилтээр 2019-2020 онд “Гэгээн ирээдүй” өрх толгойлсон иргэдийн төслийг хэрэгжүүлж байна. Төслийн зорилго нь Архангай аймгийн орлого багатай өрх толгойлсон иргэдийн нийгэм эдийн засгийн амьдралыг сайжруулах, нийгэмшүүлэх юм.

 

Холбоотой мэдээ