Дорноговьд төрийн албаны шалгалт өгөхөөр 187 иргэн цахимаар бүртгүүлжээ

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2019-11-14 08:41:35

Дорноговь /МОНЦАМЭ/. Төрийн албаны зөвлөлөөс төрийн албаны ерөнхий шалгалтыг улс даяар нэгэн зэрэг зохион байгуулах шийдвэр гаргасан.

Төрийн албаны хууль шинэчлэгдсэнтэй холбогдуулж төрийн албаны шалгалт авах дүрэм журам шинэчлэгдсэн талаар Дорноговь аймгийн ЗДТГ-ын дарга, Төрийн албаны зөвлөлийн Дорноговь аймаг дахь салбар зөвлөлийн дарга Б.Ганзориг мэдээлэл өгсөн.

Энэ сарын 16-ны 09.00 цагт ерөнхий мэдлэг буюу түүх, нийгэм, 11 дүгээр сарын 19-нд Монгол хэл, бичгийн чадвар, 11 дүгээр сарын 21-ний өдөр дүн шинжилгээ хийх чадварын шалгалтыг тус тус зохион байгуулахаар тов гаргажээ.

Шинэчлэгдсэн хуулиар төрийн албанд ажиллахыг хүссэн иргэн төрийн албаны мэргэшлийн шалгалт өгсөний дараа тухайн албан тушаалд ажиллахын тулд тусгай шалгалтыг дахин өгөхөөр хуульд тусгасан. Дорноговь аймагт төрийн албаны шалгалт өгөхөөр 187 иргэн цахимаар бүртгүүлсэн байна.

Тиймээс төрийн албаны шалгалт өгөхөөр бүртгүүлсэн хүмүүст шалгалт хэрхэн өгөх тухай дэлгэрэнгүй тайлбар мэдээллийг 11 дүгээр сарын 15-ны 10 цагт аймгийн ЗДТГ-т өгөхөөр төлөвлөсөн аж. Шалгалт өгөхөөр бүртгүүлсэн иргэд иргэний үнэмлэх, бүртгэлийн баталгаат хуудсыг авчрах ёстой.   

Холбоотой мэдээ