Эрүүл мэндийн салбарынхан авлигын эсрэг зорилтот хөтөлбөр хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-11-14 16:41:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ, АТГ хамтран олон нийтэд чиглэсэн “Инээмсэглэл бидэнд урам” зорилтот хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо.

АТГ-аас хийсэн судалгаанд оролцсон иргэд авлигад өртөмтгий салбарын нэгийг эрүүл мэндийн салбар гэж үзжээ. Тиймээс эрүүл мэндийн салбарын ажилтнууд иргэдтэйгээ хамтран авлига ашиг сонирхлоос ангид байх, нийгэмд тогтсон буруу ойлголтыг арилгаж, зөв хандлагыг төлөвшүүлэх зорилгоор тус хөтөлбөрийг санаачилсан аж.

ЭМЯ-ны Хуулийн хэлтсийн дарга М.Ганзориг, “Хүн төрөлхтний түүхэнд хамгийн ариун тангараг өргөдөг хүмүүс бол хүний эрүүл мэнд, алтан амийг аврахын төлөө зүрх сэтгэлээ зориулан ажилладаг эмч, эрүүл мэндийн салбарын ажилтнууд байдаг. Эх барих эмчийн гар дээр хүн хорвоод мэндэлж, элдэв өвчин тусвал эмчид л ханддаг. Тиймээс олон хүн эмч, эмнэлгийн ажилтнуудад талархсан сэтгэлээ илэрхийлэхийн тулд чихэр жимсээр дайлахаас эхлээд дугтуйтай мөнгө хүртэл бэлэглэхийг хүсдэг. Иргэд ч ингэж талархлаа илэрхийлж, эмч нар ч авсаар ирсэн энэ буруу хандлагыг засч чадвал эрүүл мэндийн салбар эрүүлжих юм. Тиймээс эмч нарын хувьд авлига, ашиг сонирхлын эсрэг дуу хоолойгоо нэгтгэж байгаагийн нэг тод жишээ бол энэхүү зорилтот хөтөлбөр. Хүн бол урмын амьтан. Сайхан инээмсэглэл, эерэг үгс маш том урам өгдөг. Өвчнийг нь эмчилж өгсөнд нь талархсан сэтгэлээ инээмсэглэлээр илэрхийлэхэд болно гэсэн санаа энэ хөтөлбөрийн  гол утга учир нь юм. Иргэддээ уриалахад эмч, эмнэлгийн ажилтнуудад талархлаа илэрхийлье гэвэл таны чин сэтгэлийн талархсан инээмсэглэл цагаан нөмрөгтнүүдэд маш том урам болно" хэмээв.

Тус хөтөлбөр 40 хоногийн хугацаанд үргэлжилнэ.

Холбоотой мэдээ