АНУ-ын шувууны махан бүтээгдэхүүний импортын хязгаарлалтаа цуцалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-11-15 09:46:22

БЭЭЖИН. /Xinhua/. АНУ-ын шувууны махан бүтээгдэхүүний импортод тогтоосон хязгаарлалтаа цуцалсан гэж БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар, Хөдөө аж ахуйн яам пүрэв гарагт мэдээлжээ.


2013, 2014 онд АНУ-ын зарим нутагт шувууны томуу дэгдсэнтэй холбогдуулан БНХАУ уг өвчний тархалтаас сэргийлж, шувууны махны үйлдвэрлэлээ хамгаалахын тулд Америкийн шувууны махан бүтээгдэхүүний импортод хориг тавьсан байна.


Тухайн үеэс хойш АНУ урьдчилан сэргийлэх, хянах арга хэмжээнүүдийг идэвхтэйгээр хэрэгжүүлж, тус улсад 2017 оны гуравдугаар сараас хойш шувууны томууны шинэ тохиолдол бүртгэгдээгүй ажээ. АНУ-ын талын урилгаар Хятадын мэргэжилтнүүдийн баг 2017 оны долдугаар сард АНУ-д айлчилж, тус улсын хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдэд үнэлгээ хийжээ.


Үүний дараа 2018 оны тавдугаар сард Хятад, Америкийн төлөөлөгчид уг асуудлаар зөвлөлдсөн байна. Хятадын тал иж бүрэн үнэлгээ хийсний дараа АНУ-д шувууны томууны тархалтыг хяналтад авсан хэмээн үзэж, тус улсын шувууны махан бүтээгдэхүүнийг зохицуулах систем Хятадын холбогдох хууль тогтоомж, зохицуулалтын шаардлагуудыг хангасан байна.


“АНУ-д шувууны махны үйлдвэрлэл ихээхэн хөгжсөн бөгөөд шувууны махны гарцын хэмжээгээрээ дэлхийд тэргүүлдэг. Энэхүү хязгаарлалтыг цуцалснаар Хятадын шувууны махны импортын эх сурвалж өргөжиж, зах зээлийн эрэлтийг хангана” гэж БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар, Хөдөө аж ахуйн яамны төлөөлөгчид мэдээлжээ. 

Холбоотой мэдээ