Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчин бүрдүүлсэн эсэхэд үнэлгээ хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-11-15 13:59:59

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс нь Эрдэнэбулган суманд үйл ажиллагаа явуулж байгаа төр, хувийн хэвшлийн 72 аж ахуйн нэгж байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хязгаарлагдмал боломжид тохирсон дэд бүтэц, ээлтэй орчин бүрдүүлсэн байдалд үнэлгээ хийжээ.

Энэ ажлын үр дүнд 50 гаруй төрийн байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй үйлчлэх тусгай тэмдэг, тэмдэглэгээтэй автомашины зогсоол, налуу замын бариул, орох, гарах үүдний босгыг стандартад нийцүүлэн засжээ. Цаашид байгууллагуудад хүртээмжтэй орчныг бий болгох талаар санал зөвлөмж өгсөн байна.

Мөн аймагт шинээр барьж ашиглалтад орж байгаа бүх барилга байгууламжид хөгжлийн бэрхшээлтэй иргэд саадгүй нэвтрэх дэд бүтэц, хүртээмжтэй орчныг стандартын дагуу бий болгож байна. Энэ нь аймгийн барилга хүлээн авах комисст хөгжлийн бэрхшээлтэй иргэний төлөөллийг тогтмол оролцуулж байгаагийн давуу онцлог тал болж байна.

Аймгийн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс нь энэ оны хагас жилийн байдлаар 27 удаа хуралдан, шинээр 193 иргэний хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоож, 49 иргэний ХЧА-ыг цуцалж, 1070 иргэний ХЧА-ыг сунгасан байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сэргээн засах эмчилгээнд хамруулах, тэдэнд ээлтэй орчинг бүрдүүлэх талаар анхааран ажиллаж байна. Мөн ЭХМК-ын нүүдлийн хурлыг Чулуут, Өгийнуур, Цэцэрлэг суманд санаачлан зохион байгуулж  414 хүний асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. 

Холбоотой мэдээ