Венесуэлийн цагийн бүсийг өөрчилнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-04-15 14:30:50

МЕХИКО. /TASS/. Венесуэлийн эрх баригчид тус улсын цагийн бүсийг ойрын үед өөрчлөхөөр төлөвлөж байна. Энэ тухай Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро мэдэгджээ.

Түүний хэлснээр, уг шийдвэр нь улс оронд үүсээд буй эрчим хүчний хямралтай тэмцэх алхмуудын нэг болох аж. Үүнээс өмнө буюу 2007 онд Ерөнхийлөгч асан Уго Чавес ийм арга хэмжээ авч байсан бөгөөд тэрбээр цагийг хагас цагаар ухрааж байв.

“Эрчим хүч хэмнэхийн тулд тавдугаар сарын 1-нд Венесуэлийн цагийн бүсийг өөрчилнө. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг би та бүхэнд удахгүй өгнө” гэж Мадуро онцлон хэлжээ. Албан ёсны мэдээллээр, Венесуэлийн эрчим хүчний 70 орчим хувийг усан цахилгаан станцууд үйлдвэрлэдэг байна. Гэвч сүүлийн саруудад усны хомсдол ихээр нүүрлэжээ.

Цахилгаан эрчим хүчний салбарт үүссэн хямралын улмаас Венесуэлийн төрийн байгууллагууд богиносгосон ажлын цагийн горимд шилжих гэж байгаа тухай хоёрдугаар сарын эхээр мэдэгдсэн билээ. Тус улсын Засгийн газар эрчим хүч хэмнэх зорилгоор ажлын таван өдрийг дөрөв болгох шийдвэрийг энэ сарын эхээр гаргасан байна.                                                             

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ