Боломжийн хөгжиж буй Боливид “бослого” дэгдсэн шалтгаан

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2019-11-15 12:25:32

Боливи улсын эдийн засаг хямраагүй, тэр тусмаа Венесуэлийнх шиг хэмжээнд хүртэл хямралд нэрвэгдээгүй билээ. Улс орны дотоод хэрэгт гадныхан хөндлөнгөөс оролцож байна гэж хэлэхээргүй. Ерөнхийлөгч асан Эво Моралес АНУ болон гадаадын хөрөнгө оруулагчидтай харилцаагаа муутгаагүй, хэвийн байлгасаар ирсэн. Түүнээс гадна, Боливид хүчтэй сөрөг хүчин алга. Гэтэл Латин Америк дахь хамгийн тогтвортой бөгөөд амжилттай ажиллаж буй зүүний хүчний засгийн газруудын нэг нь гэнэтхэн нурж унасны шалтгаан юу вэ? Хамгийн гол шалтгааныг ганцхан өгүүлбэрээр дурдваас, Моралес ардчиллын хэм хэмжээг байнга зөрчиж, сонгуулийн дүнг будлиантуулсаар ирсэн явдлаас олон нийт нэгэнт залхаж, дургүйцлээ илэрхийлжээ. 


Боливид өрнөж буй үйл явдлын учир шалтгаан, холбоо хамаарлын талаар Москва дахь Карнегийн судалгааны төвийн шинжээч, түүхч, урлаг судлаач Лев Масиель Санчес-ийн бичсэн нийтлэлийг орчуулан хүргэе. 


Улс орноо 2006 оноос хойш тасралтгүй удирдсаар ирсэн Боливийн Ерөнхийлөгч Эво Моралес болон халаагаа өгдөггүй дэд Ерөнхийлөгч Альваро Гарсия Линера нар өнгөрсөн ням гарагт огцорлоо. Ганцхан өдрийн дотор эрх баригч Социализмын төлөөх хөдөлгөөн /МАС/ намаас сонгогдож томилогдсон хэдэн арван сайд, парламентын гишүүд, мужийн захирагчид болон хотуудын дарга нар албан тушаалаасаа чөлөөлөгдөв. Латин Америк дахь хамгийн амжилттай ажиллаж буй зүүний хүчний засгийн газруудын нэг нь ганцхан өдрийн дотор нуран уналаа. Хэрвээ Венесуэльд ийм явдал болсон бол үүнд эрх баригчдын явуулсан бүтэлгүй бодлого эсвэл Америкийн империализмыг буруутгаж болохсон. Гэтэл Боливид нөхцөл байдал тэс ондоо байгаа билээ. 


Моралесыг хэрхэн түлхэн унагасан бэ?


Хямралыг шууд өдөөсөн зүйл бол Америкийн улсуудын байгууллагаас /ОАS/ гаргасан мэдэгдэл юм. 10 дугаар сарын 20-нд Боливид болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд шалгалт хийсэн тус байгууллагын дүгнэлтээр эрх баригчдын зүгээс ноцтой зөрчил гаргаж, луйвар хийсэн нь тодорхой болсон байна. Иймээс сонгуулийн дүнг хүчингүй болгож, Сонгуулийн дээд шүүхийн /Сонгуулийн ерөнхий хороо/ бүрэлдэхүүнийг бүрэн шинэчилсний дараа сонгуулийг дахин явуулахыг Боливийн эрх баригчдад зөвлөмж болгожээ.  

Боливийн хуульд зааснаар, хэрвээ сонгуулийн хоёр гол өрсөлдөгчийн авсан саналын зөрүү 10 хувиас бага байвал хоёрдахь шатны санал хураалтыг явуулдаг аж. 10 дугаар сард болсон сонгуулийн санал хураалтын дүн дэлгэцэн дээр гарч ирэх үед хоёрдахь шатны санал хураалт явуулах нь ойлгомжтой болоод байлаа. Нийт саналын хуудасны 83 хувийг тоолсны дараах байдлаар, Эво Моралес болон түүний гол өрсөлдөгч Карлос Меса хоёрын авсан саналын тооны зөрүү 7 хувьтай байв.


Гэтэл оройны 7 цаг 40 минутын үед санал хураалтын систем гэнэт гацаж, хэдэн өдрийн дараа буюу 24-ний өдөр эрх баригчид ойлгомжгүй бүдэг бадаг тайлбар өгснийхөө дараа “Эво Моралес 46,8 хувь, түүний өрсөлдөгч 36,7 хувийн санал авснаар одоогийн Ерөнхийлөгч яллаа” гэсэн мэдээллийг цацсан байна. Энэ бол сонгуулийн дүрэм журмыг илт доромжлон гутаасан үйлдэл гэдгийг мэдэрсэн ард иргэд ажил хаялт зарлаж, жагсаал цуглаан хийж эхэллээ. Эхэндээ эсэргүүцлийн ажиллагаанууд нь сонгуулийн амжилтандаа бардаж байсан эрх баригчдын өөртөө итгэлтэй байдлыг нь ганхуулахгүй байв.


Гэтэл хоёр хоногийн дараа цагдаа нар жагсагчдын талд орсон тухай мэдээ түгж эхэллээ. Улс төрийн бодлогоо өөрчлөх хэрэгтэй болжээ гэсэн том дохиог эрх баригчид авсан боловч олон нийтэд энэ талаар юу ч мэдээлсэнгүй. Харин ням гарагийн өглөөний 7 цагт ерөнхийлөгч Моралес дахин сонгууль явуулна гэдгийг мэдэгдээд, санал хураалт болох огноо, түүнийг хэрхэн зохион байгуулах талаар удахгүй зарлана гэжээ. 


Боливийн сөрөг хүчин тэр даруйд нь хариу мэдэгдэл хийж “сонгуулийн дүнг будлиантуулсан эрх баригчид дахин сонгуулийг зохион байгуулах эрхгүй, Эво Моралес дахин нэрээ дэвшүүлэх эрхгүй” гэсэн байна. Эсэргүүцлийн жагсаалд оролцогчид Моралесийн талынхан руу хэд хэдэн удаа дайрав.


Улсын Ерөнхий прокурор сонгуулийн булхай луйврыг нэн даруй мөрдөн шалгана гэдгээ мэдэгдсэн бол эрх баригч МАС намаас сонгогдсон депутатууд, сайд нар бөөн бөөнөөрөө огцрох өргөдлөө өгч, тэднээс 20 орчим хүн Мексикийн ЭСЯ-ны байранд орогножээ. Өдрийн 15 цагийн үед Боливийн зэвсэгт хүчний командлагч Уильямс Калиман Ерөнхийлөгчид хандан огцрохыг уриаллаа. 15 минутын дараа Цагдаагийн ерөнхий газрын дарга цэргийнхнийг дэмжиж байгаагаа илэрхийлэв. 15 цаг 45 минутын орчимд Ерөнхийлөгчийн нисэх онгоц тодорхойгүй чиглэлд хөөрсөн байна. Удалгүй Ерөнхийлөгч болон дэд Ерөнхийлөгч огцорч буйгаа мэдэгдлээ.


Өнөөдөр Боливид эмх замбараагүй байдал ноёлж байна. Ерөнхийлөгч асан Эво Моралес өөрийн төрсөн нутаг болох Кочабамба мужид байгаа гэх боловч тэрбээр яг хаана очсон нь тодорхойгүй байна. Хуулийн дагуу шинэ түр ерөнхийлөгчөөр Сенатын гурван орлогч даргын нэг болох Жанин Аньес ажиллах ёстой. Учир нь, Сенатын дарга болон түүний хоёр орлогч нь огцорсон аж.


Зүүний үзэл баримтлалаараа нэрд гарсан Моралес огцорсон явдалд дэлхийн улс орнууд хэрхэн хандах нь анхнаасаа ойлгомжтой байлаа. Латин Америкийн зүүний хүчний засгийн газрууд бүгд л “Боливид төрийн эргэлт гарсан” гэж үзэж байгаа бол барууны үзэлтнүүд “ардчилал ялсан” тухай ярьж байна. Тухайлбал, саяхан Аргентины Ерөнхийлөгчөөр сонгогдсон, зүүний үзэлт Альберто Фернандес Боливид болсон хэрэг явдлыг шүүмжилсэн бол Ерөнхийлөгч асан, барууны үзэлт Маурисио Макри “оргодол Моралесын нисэх онгоцыг Аргентины агаарын орон зайгаар нэвтрүүлэхгүй байх”-ыг уриалжээ.


Энэ өдрүүдэд хямралыг өдөөсөн Америкийн улсуудын байгууллага /ОАS/ таг дуугүй байна. Харин Мексик улсын байр суурь зарим талаар гэнэтийн санаанд оромгүй гэж болохоор. Учир нь, сүүлийн нэг жилийн хугацаанд Лопес Обрадорын удирдсан зүүний засгийн газар ижил үзэл баримтлалтай хөршүүдээ идэвхтэй дэмжихээс зайлсхийж, тэднээс зайгаа барьж байгаа аж. Харин одоо болохоор Мексик улс түлхэгдэн унасан эрх баригчдыг ивээлдээ авч, Моралест улс төрийн орогнол олгохоо амлаж байна. 


Боливид тулгардаг бодит бэрхшээлүүд


Боливид болж буй үйл явдалд хөрш орнууд болон дэлхийн бусад гүрнүүдийн зүгээс нэгэн хэвийн хандлага гаргаж байгаа нь нэн ойлгомжтой. Боливи бол бусад улс гүрний хувьд терра инкогнита буюу “үл мэдэгдэх газар орон” юм. Газар нутгийн хэмжээгээр Туркээс том боловч хүн ам нь ердөө 11 сая. Өндөр уулс, далайд гарцгүй байдал нь тус улсыг хөрш орнуудаас нь хүртэл тусгаарлаж байдаг. Хэдхэн жилийн өмнө Боливийн онгоцууд хөрш 3-4 улс ба Испани руу нислэг үйлдэж байсан бол одоо АНУ болон Латин Америкийн хэд хэдэн улс руу нисч байна.


Тус улсын газар нутаг хоорондоо тэс ондоо хоёр бүсэд хуваагджээ. 3500-4000 м-ийн өндөрт орших баруун өмнөд бүсэд 5 муж ба нийслэл Ла-Пас хот, түүний дагуул хот болох Эль-Альто оршино. Дэлхийн хамгийн өндөрт орших 1 саяас дээш хүн амтай хот болох Эль-Альто-гийн нисэх онгоцны буудал 4100 м-ийн өндөрт байрладаг нь Түвдийнхтэй харьцуулахад 500 м-ээр илүү гэсэн үг. Хүн амын ихэнх нь аймара, кечуа омгийн индианчууд. Боливийн хүн амын 60 хувийг индианчууд бүрдүүлдэг нь дэлхийн улс орнуудтай харьцуулахад хамгийн их тоо юм. Тус бүс нутгийнхан гол орлогоо нь төрөл бүрийн металл олборлож олдог ба энэ салбар улсын эдийн засгийн 1/3-ийг бүрдүүлдэг.

Эль-Альто хот 

Баруун хойд бүс нутаг бол халуун орны өтгөн шигүү ой бүхий хүн ам сийрэг суурьшсан газар орон юм. Хүн амын ихэнх нь эрлийз, үүний сацуу олон тооны жижиг индиан омгууд бий. Энэ бүсэд нефть, байгалийн хий олборлодог бөгөөд улсын эдийн засгийн 1/3-ийг бүрдүүлдэг. Хүмүүсийн орлого нь уулынхантай харьцуулахад нэлээд өндөр бөгөөд нам дор газрын нийслэл гэгдэх Санта-Крус хот нийгэм-эдийн засагт гүйцэтгэх үүргээрээ нийслэл Ла-Пас хоттой өрсөлддөг.  


Хүмүүсийн төсөөлөн боддог шиг кок нь Боливийн эдийн засагт төдийлөн их үүрэгтэй биш. Кок гэдэг нь Андын нуруунд тариалдаг ургамлуудын нэг бөгөөд түүнийг уламжлалт анагаах ухаанд хэрэглэдэг. Тухайлбал, уулын өвчнийг эмчилдэг байна. Перугийн нэгэн адилаар Боливид кок тариалахыг албан ёсоор зөвшөөрдөг ажээ. Эво Моралес гэхэд кок хураах бригадыг удирдан улс төрчийн замналаа эхлүүлж байсан гэдэг. Хэдийгээр Боливи улс кок тариалалтаар /жилд 50 мянган тн/ дэлхийд Перугийн дараа ордог боловч тус улсад хар тамхины мафитай холбоотой гэмт хэргүүд Колумб, Мексик, Сальвадортой харьцуулахад төдийлөн их гардаггүй. Боливи бол Өмнөд Америкийн хамгийн аюулгүй тайван орнуудын нэг юм.   

Хүүхдүүд кок хурааж байгаа нь 

Газар зүйн байрлал, тогтоц нь хүнд хэцүү, хүн ам нь угийн ядуу, бүс нутгууд нь хоорондоо хэлхээ холбоо муутай зэрэг шалтгааны улмаас Боливи улс тивдээ хамгийн хоцрогдсон ядуу орнуудын нэгд тооцогддог. 1970-аад оны үеийн дарангуйллаас ангижрах үед тус улс эдийн засгийн гүн хямралд орсон байлаа. 1980-аад оны үед либерал шинэчлэл хийсний ачаар байдал дээрдсэн боловч 1990-ээд оны сүүлчээр дахиад хямралд өртөв.


Хувьчлал болон кокийн тариалалттай хийсэн тэмцэл нь нийгэмд маш эмзэг тусав. 2000-аад оны эхээр засгийн газар гадаадын хөрөнгө оруулагчдын шахалт ба сөрөг хүчнийхэнд буулт хийх гэсэн хоёр зүйлийн тэнцвэрийг олохоор оролдож байлаа. Тэр үед Карлос Меса Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан бол одоо тэрбээр Моралесийн гол өрсөлдөгч нь болчихоод байна.


Моралесийн амжилт


2006 онд Эво Моралес Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Тэрбээр эрс шинэчлэл хийж, нефть-хийн салбарыг нийгэмчилсэн байна. Гэхдээ өмнө нь орд газруудыг эзэмшиж байсан хүмүүс шинэ нөхцөл болзлын үндсэн дээр олборлолт явуулж байлаа. Эдийн засгийн бусад салбарууд төрийн мэдэлд бүрэн ба хэсэгчилсэн байдлаар шилжив. Гэхдээ эдийн засгийн ямар ч сүйрэл хямрал болсонгүй. 2006 оноос хойш Боливийн ДНБ жил бүр 4-8 хувиар өссөөр байна.


2002 онд Боливийн хүн амын 63 хувь нь ядуурлын түвшнээс доогуур амьжиргаатай байсан бол эл үзүүлэлт 2018 онд гэхэд 35 хувь болж буурчээ. Баян хоосны ялгааг илэрхийлдэг жини коэффициент 0,60-аас 0,47 болж буурсан байна.

Ядуучууд амьдардаг, айдас төрүүлэм хот байсан Эль-Альто өргөн чөлөө, худалдааны төвүүд бүхий 1 сая гаруй хүн амтай хот болон хувирч, түүнийг нийслэл Ла-Пас хоттой 9 дүүжин замаар холбосон нь замын түгжрэлээс ангижруулсан байна. Өндөр уулс бүхий хүн ам цөөтэй газарт агаарын тээврийг хөгжүүлснээр аялал жуулчлалын салбар хүрээгээ тэлэв.



Тэгээд юу нь болохгүй байна вэ?


Боливи улсын эдийн засаг хямраагүй, тэр тусмаа Венесуэлийнх шиг хэмжээнд хүртэл хямралд нэрвэгдээгүй. Улс орны дотоод хэрэгт гадныхан хөндлөнгөөс оролцож байна гэж хэлэхээргүй. Ерөнхийлөгч асан Эво Моралес хэдийгээр зүүний үзлийг хамгаалсан хийрхүү үг яриатай ч гэсэн АНУ болон гадаадын хөрөнгө оруулагчидтай харилцаагаа муутгаагүй, эв түнжинтэй байгаа. Вашингтоны зүгээс түүнийг гай зэтгэрийн үүр уурхай гэж хэзээ ч нэрлэж байсангүй. Боливи улс гадаадын хөрөнгө оруулагчидтай хэвийн харилцаатай ба хөрш орнуудын зүгээс ямар нэгэн дарамт шахалт үзүүлдэггүй.


Боливид хүчтэй сөрөг хүчин ч алга. Сөрөг хүчнийхэн тархай бутархай, янз бүрийн үзэл баримтлалтай явсаар ирсэн бөгөөд зөвхөн 2018 оны сонгуульд л нэг нэр дэвшигчийг тойрон нягтарсан юм. Тэрхүү нэр дэвшигч нь түүхч Карлос Меса. 


Меса 2003-2005 онд Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байжээ. Тэрбээр өмнө нь дэд Ерөнхийлөгч байсан бөгөөд олон түмний эсэргүүцлийн улмаас Боливийн Ерөнхийлөгч огцорсны дараа төрийн тэргүүн болсон юм. 2005-2009 онд Меса өөрийн мэргэжлээр буюу түүхч, сэтгүүлчээр ажиллахдаа хугацаандаа 20 гаруй ном туурвисны дотор “Боливийн түүх”-ийг дурдаж болно.  


Энэ оны 8 дугаар сард тэрбээр сонгуульд өөрийнх нь нэрийг дэвшүүлэхийг зөвшөөрч, янз бүрийн үзэл бодолтой сонгогчдоор өөрийгөө хүрээлүүлсэн байна. Нэг талаас, Меса бол индиан хүн биш, зүүний үзэл баримтлалтай хүн биш, үүний сацуу оюун санааны элитүүдийн дундаас төрж гарсан хүн учраас барууны намууд түүнийг хүлээж авна. Нөгөө талаас, ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа тэрбээр эсэргүүцлийн жагсаалыг хүчээр дарахаас зайлсхийж, нэлээд дэвшилтэт хуулиудыг батлуулж байсан тул зүүнийхэн ч түүнийг дэмжих магадлалтай.  

Профессор Карлос Меса 

Гэхдээ профессор Меса бол олон түмнийг өөртөө дагуулан татаж, засгийн газрыг түлхэн унагаахад хөтлөн удирдаж чадах хүн биш ээ. Одоогоор ямар нэгэн ер бусын гэмээр шинэ асуудал бэрхшээл Боливид үүссэн нь ажиглагдахгүй байна. Авлига, ядуурал бол урьд нь байсан л асуудлууд. Хэрвээ асуудлын гол шалтгаан нь зөвхөн авлига, ядууралд байсан бол Моралесийг огцруулах нь юу л бол.   


Ерөнхийлөгч огцрох болсон шууд шалтгаан бол арми ба цагдаагийнхан Моралесийн тушаалыг биелүүлэхээс татгалзсан явдал юм. Моралес аль эртнээс л цагдаагийнхантай сөргөлдөж байгаа бол армийг халамжлан бөөцийлсөөр иржээ. Тэрбээр 2003 онд ард олны хөдөлгөөнийг хүчээр нухчин дарсан армийн гурван дээд тушаалтныг 10-15 жилийн ялаар шийтгэсэн нь өөрт нь гай тарилаа. Эдгээр гурван хүнийг зүгээр л золиосонд гаргасан бөгөөд нөхцөл байдал дахин давтагдах үед цэргийнхэн жагсаал цуглааныг хүчээр тараахаас эрс татгалзсан юм. 


Гэхдээ ард олны дунд бухимдал үүсээгүй бол цагдаа, цэргийнхэн тийм ч идэвхтэй байхааргүй байсан. Бухимдал үүссэн гол шалтгаан нь Моралесийн дангаар захирах эрмэлзэл бөгөөд тэрбээр эрх мэдлээ яасан ч өгөхгүй гэсэн  бодолтой байлаа. 2009 онд батлагдсан шинэ Үндсэн хуулиар түүний Ерөнхийлөгчөөр ажилласан бүрэн эрхийн эхний хугацааг тооцохгүй болсноор тэрбээр дараагийн хоёр 5 жилийн хугацаанд төрийн тэргүүнээр сонгогдсон юм. Өөрөөр хэлбэл, Моралес 2020 оны эхэн үе хүртэл төрийн эрхийг барих ёстой байв.  


Өөрийнхөө залгамжлагчийг олж бэлтгэх боломж нэр хүндтэй ерөнхийлөгчид байсан байж таараа. Гэтэл үүний оронд тэрбээр 2020 оноос хойш дахин сонгогдохын тулд 2016 онд бүх нийтийн санал асуулга зохион байгуулаад түүндээ ялагдсан юм. Тухайн үед Моралес “бүх сонгогддог албан тушаалд дахин сонгогдоход хязгаарлалт тогтоохгүй” гэсэн заалт бүхий хуулийг Дээд шүүхээр батлуулж амжсан байна.   


Энэ бүхэн олны зэвүүцлийг төрүүллээ. 2018 онд би нийгмийн янз бүрийн давхаргын боливи хүмүүстэй уулзаж ярилцаж байхад тэд нэг л зүйлийг онцолж байсан. 2014 оноос өмнө бүх зүйл ер нь дажгүй, маш сайн гэж хэлж болохоор байсан. Гэхдээ ерөнхийлөгч өөрөө яваад өгөх хэрэгтэй байсан юм, гэтэл тэрбээр үлдчихлээ. Санал асуулгын явцад бидний илэрхийлсэн үзэл бодлыг Моралес уландаа гишгэсэн, ингэснээр бүх зүйл уруудаж эхэлсэн гэж тэд ярьж байлаа.  


Доошлон уруудаж буйг статистик үзүүлэлтээр хэмжих аргагүй, харин ард олны мэдрэмж л илүү чухал. Суудалдаа удаан шигдсэн ерөнхийлөгчийг улс төрийн янз бүрийн хүчнүүд эсэргүүцэх болов. Моралесийг 4 дэх удаагаа нэр дэвшүүлэх нь хууль бус гэдэг нь илт байлаа. Гэтэл сонгуулийн хоёрдахь шатанд ялах боломж байсаар атал эхний шатны дүнг будлиантуулах гэсэн ичгүүргүй оролдлого нь Моралесийн хувьд сүүлчийн бүтэлгүйтэл юм. Боливичуудын хувьд ардчилал гэдэг бол эдийн засгаас нь илүү чухал ажээ. Тэд ийм сонголт хийсэндээ харамсахгүй гэдэгт найдаж байна.


Б.Адъяахүү 

Эх сурвалж: https://inosmi.ru/politic/20191114/246225604.html

Холбоотой мэдээ