БНХАУ-д хар тахлын гурав дахь тохиолдол бүртгэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2019-11-18 12:00:58

БЭЭЖИН. /TASS/. Хар тахлын халдвар авсан дахин нэг тохиолдол бүртгэгдсэн тухай ӨМӨЗО-ны эрх баригчид мэдэгдсэн байна. Энэ нь БНХАУ-д хар тахлын халдвар авсан гурав дахь тохиолдол болжээ. Энэ тухай ӨМӨЗО-ны эрүүл мэндийн газрын мэдэгдэлд дурдсан байна.


Тус байгууллагын мэдээлснээр, энэ сарын 16-нд 55 настай эрэгтэйд хар тахлын халдвар илэрсэн бөгөөд өндөр хэмийн халуунтай байсан түүнийг Улаан Цав хотын тойргийн Хуадэ хошууны эмнэлэгт хүргэсэн байна.


Одоогоор түүнийг тусгаарлаж, эмчилгээ хийж байгаагаас гадна түүнтэй ойр дотно холбоотой байсан 28 хүний биеийн байдлыг эмч нар ажиглаж байна. Эрүүл мэндийн газраас мэдээлснээр, өвчтөн 11 дүгээр сарын 5-нд хоолондоо зэрлэг туулайн мах хэрэглэжээ. 


Өмнө нь ӨМӨЗО-ны хоёр оршин суугчаас хар тахлын халдвар илэрсэн билээ. Халдвар авсан хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлсэн бөгөөд нэг өвчтөний биеийн байдал тогтвортой байгаа бол нөгөө хүний биеийн байдал тун хүнд байгаа хэдий ч доройтсон шинж тэмдэг илрээгүй тухай өмнө нь мэдэгдэж байсан юм. 

Холбоотой мэдээ