Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг Ерөнхийлөгчид өргөн барив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-11-18 17:23:53
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн эхийг УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр өргөн барьж, ёсчлон баталгаажуулахыг хүслээ.


Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг энэ сарын 14-нд УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон 64 гишүүний 100 хувийн саналаар баталсныг УИХ-ын дарга Г.Занданшатар тэмдэглэв. Тэрбээр, "Энэ нэмэлт өөрчлөлт нь Үндсэн хуулийн 28.5 хувь буюу 70 зүйлийн 19 зүйл, 36 заалтыг хөндсөн. Эдгээр өөрчлөлтөөр засаглалын хяналт, тэнцлийг хангаж, Засгийн газрын тогтвортой байдал, парламентын хариуцлагыг нэмэгдүүлж, нутгийн захиргааны бие даасан байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн. Суурь зарчмын хүрээнд нэгдүгээрт, Үндсэн хуулийн 2000 оны долоон өөрчлөлтийн зургааг нь засаж сайжруулсан. Хоёрдугаарт, таны болон гишүүдийн саналаар байгалийн баялаг ард түмний мэдэлд байж үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногддог байх зарчим туссан” хэмээн танилцуулав. 



Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн эхийг өргөн барихад, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн, Шадар сайд, төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн Ажлын багийн ахлагч Ө.Энхтүвшин, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Саруул нарын зэрэг хүмүүс байлцлаа.  


МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛСАН

НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТАЛААРХ УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРЫН ТАНИЛЦУУЛГА


Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө,


Таны энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье!


Монгол Улсын Их Хурал 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 64 гишүүний 100 хувийн саналаар баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн уг эхийг Монгол Улсын Төрийн тэргүүн Танаа өргөн барьж, танилцуулж байна.


Монголын ард түмэн, улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид гээд нийт нийгмийн өргөн төлөөллийг хамарсан уулзалт, ярилцлага, танилцуулга, хэлэлцүүлгийг зохион байгуулж, санал нэг бүрийг нухацтай авч үзлээ.


Үндсэн хууль нь үндэсний зөвшилцлийн дээд баримт бичиг учраас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг зөвшилцлийг ханган явуулахын тулд Улсын Их Хурал хууль тогтоох дээд байгууллагын хувьд Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч, ойлголцлыг эрхэмлэж ажиллав.


Иргэд, олон нийтээс ирүүлсэн санал, түүний дотроос Монгол Улсын Ерөнхийлөгч Таны болон парламентад суудалтай Ардчилсан Нам, бусад улс төрийн хүчнүүдээс ирүүлсэн төсөл, саналууд нь Улсын Их Хурлын нэр бүхий 62 гишүүний өргөн барьсан төсөлтэй агуулга, томъёоллын хувьд үндсэндээ давхцаж байлаа. Энэхүү онцлог нь нийт нийгэм, ард олны нийтлэг хүсэл эрмэлзэл энэхүү нэмэлт, өөрчлөлтөд нэгдэн туссан хэрэг гэж ойлгож байна.


Энэ дашрамд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг судлах, хэлэлцүүлэх, зөвшилцөх ажлын хэсгийг ахлан ажилласан Танд Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс талархал илэрхийлье.


Эрхэм Ерөнхийлөгч өө,


Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуулийн 28.5 хувийг буюу 70 зүйлийн 19 зүйл, 36 заалтыг хөндсөн байна.


Эдгээр өөрчлөлтөөр засаглалын хяналт-тэнцлийг хангаж, Засгийн газрын тогтвортой байдал, парламентын хариуцлагыг нэмэгдүүлэх, нутгийн захиргааны бие даасан байдлыг бэхжүүлэх суурь зарчмын хүрээнд:


-Үндсэн хуульд 2000 онд оруулсан долоон өөрчлөлтийг засаж сайжруулах;


-Байгалийн баялаг ард түмний мэдэлд байж, түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдох;


-Монгол Улсын нийгэм-эдийн засгийг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх, бодлогын уялдаа холбоо, залгамж чанар, нэгдмэл байдлыг хангах;


-Хууль санаачлах эрхийн болон Ард нийтийн санал асуулга явуулах хүрээ хязгаарыг тодорхой болгох;


-Улс төрийн намууд улсын хэмжээнд бодлого дэвшүүлж ажиллах, үйл ажиллагааны үндсэн зарчим, санхүүгийн эх үүсвэр, зарцуулалт нь ил тод байх;


-Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах замаар иргэдийн шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх;


- Нутгийн өөрийн удирдлага, хот тосгоны эрх зүйн үндсийг боловсронгуй болгох зэрэг зохицуулалтуудыг тусгасан болно.


Ерөнхийлөгч Таны өргөн мэдүүлсэн төсөл, саналд тусгагдсан байгалийн баялаг төрийн нийтийн өмч байх, хууль санаачлах эрхийн болон Ард нийтийн санал асуулга явуулах хүрээ, хязгаарыг тодорхой болгох, шүүхийг тойргийн зарчмаар байгуулах зэрэг асуудал энэхүү нэмэлт, өөрчлөлтийн агуулгыг улам гүнзгийрүүлэн баяжуулсан болохыг онцгойлон тэмдэглэж байна.


Энэхүү нэмэлт, өөрчлөлтийг дагалдан Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн болон Орон нутгийн сонгуулийн тухай, Улс төрийн намын тухай, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Үндэсний баялгийн сангийн тухай зэрэг 30 шахам хуульд нэмэлт, өөрчлөлт орж, зарим хуулийг шинээр батлах юм. Эдгээр өөрчлөлт нь Монгол Улсад хууль, эрх зүйн дорвитой шинэчлэл хийх эхлэл болж, нийгэмд шударга ёс, хариуцлагын тогтолцоо бэхжих үндэс суурь болох юм. 


Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан энэ удаагийн нэмэлт, өөрчлөлт нь өнгөрсөн 27 жилийн ололт амжилтаа дүгнэн, алдаа сургамжаа цэгнэсэн, Үндсэн хуулийн үзэл баримтлал, суурь зарчимд бүрэн нийцсэн өөрчлөлт болсон гэж үзэж байна.


Тиймээс Монгол Улсын Төрийн тэргүүн, үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч Эрхэм Ерөнхийлөгч Таныг Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн уг эхийг нотолж, баталгаажуулна гэдэгт итгэж байна.


Танд баярлалаа.

Холбоотой мэдээ