Иргэн О.Шамелхан Өлгий хотын хуванцар хаягдлыг цэвэрлэхэд хувь нэмрээ оруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-11-19 13:25:11

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Өлгий сумын нэгдүгээр багийн иргэн О.Шамелхан 2018 оноос сайн дураараа аймгийн төвийн хуванцар хаягдлуудыг цуглуулж Улаанбаатар хотын хуванцар хаягдал дахин боловсруулах үйлдвэрүүдэд тушааж байна.   

"Миний бие 39 дэх жилдээ жолоочоор ажиллаж байгаа. Одоо Өлгий-Улаанбаатар чиглэлд хувиараа ачаа тээврийн үйлчилгээ хийдэг. Өнгөрсөн жилээс Өлгий хотын гудамж талбай, хуримын ордон, зоогийн газруудаас ундааны сав, сав суулга, вакуум хаалга, цонхны үйлдвэрүүдийн хаягдлуудыг цуглуулж Улаанбаатар хот руу ачиж байна. Хоёр жилийн хугацаанд дөрвөн удаа ачилт хийж 40 гаруй тонн хаягдлыг цэвэрлэсэн. Миний хийж байгаа энэ ажил байгаль орчныг хамгаалах талаас чухал ач холбогдолтой. Нөгөө талаар заримдаа Өлгийгөөс Улаанбаатар руу явахдаа ачаа олддоггүй асуудал гардаг тул нэг талын шатахууны зардлаа олж авдаг" гэж О.Шамелхан хэлэв.

Түүний хувьд хуванцар хаягдлуудыг аймгийн төвөөр явж цуглуулдаг байна. Харин иргэдээс мөнгө төлж худалдан авах санхүүгийн боломж одоогоор байхгүй, оршин суугчид өөрсдөө хүргэж өгвөл татгалзахгүй хүлээж авна гэв.

Тухайн төрлийн хаягдлууд нь жин бага, овор хэмжээ их, машинд ачихад том зай эзэлдэг тул орон нутгаас бутлагч, шахагч төхөөрөмжийн дэмжлэг үзүүлбэл нэг удаад 15 тонн хүртэл хаягдал хуванцар ачих боломжтойг тэрээр онцолж байна.

Ташрамд дурдахад, хуванцар нь химийн шинж чанарын хувьд эвдэршгүй нэгдэл бөгөөд хайлуулсан хийн нэгдэл нь хөрс, ус, агаарт маш хортой, азоны давхарга нимгэрэхэд ихээхэн хор учруулдаг. Жишээлбэл, усны жижиг сав л байгальд шингэх гэж 1000 жил зарцуулдаг ажээ.

Холбоотой мэдээ