Атар газар эзэмшсэний 60 жилийн ойн төлөөлөгчид Улаанбаатарыг зорилоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-11-20 17:16:21

Увс /МОНЦАМЭ/. Монгол Улсад Атар газар эзэмшсэний 60 жилийн ойн баярт оролцохоор 45 тариаланч энэ сарын 19-ний өдөр Улаанбаатар хотыг зорилоо. Ойн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Баруунтуруун сумаас 10 гаруй тариаланч багтжээ. Тухайлбал, Гавьяат агрономич Б.Сономпил, Улсын хошой аварга компанич, таракторч Н.Коля, өнгөрсөн жил Улсын аварга тариаланч хамт олноор шалгарсан “Хөгжил-Увс” компанийн захирал М.Рагчаа болон тус сумын удирдлагууд, энэ жил арвин ургац хурааж авсан тариаланчид багтсан байна.

Увс аймгийн газар тариалангийн гол бүс нутаг нь Баруунтуруун сум бөгөөд энэ жил 15 мянган га-д тариалалт хийж 20 гаруй мянган тонн үр тариа хураан авсан байна. Энэ нь сүүлийн 30 гаруй жилд давтагдаагүй арвин ургац хурааж авсан жил болжээ. Үүнээс гадна тус сум байгуулагдсаны түүхт 60 жилийн ой энэ онд мөн тохиосон юм.

Ойн төлөөлөгчид Төв аймагт ажиллаж, хүлэмжийн аж ахуй, механик зоорь хэрхэн ажиллуулах талаар мөн судлах юм байна.                                   

Холбоотой мэдээ