"Шинэ суурьшлын бүс"-ийн эхний барилга ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-11-20 22:30:01

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн төвийн Шинэ суурьшлын бүсийн хүн амд үйлчлэх зорилготой анхны Эрүүл мэндийн төв ашиглалтад орлоо. 14 ортой энэхүү эмнэлгийн барилгын ажлыг захиалагчийн техникийн хяналтыг "Барилгын хөгжлийн төв" гүйцэтгэж, байнгын ашиглалтад өгсөн байна.

Шинэ суурьшлын бүс нь Баянхонгор хотын баруун урд 320 га талбай бүхий 2300 шахам өрхийн 8000 орчим хүн ам суурьших юм. Ийнхүү Засаг захиргаа, нийгмийн үйлчилгээний барилга байгууламж, амины орон сууц болон нийтийн орон сууцны барилга байгууламжуудыг төлөвлөж, эхнээсээ ашиглалтад орж байгаа аж.

Төлөвлөлтөөр Шинэ суурьшлын бүсэд Засаг захиргаа, нийгмийн үйлчилгээний барилга байгууламж, амины орон сууц, таун хаус, нийтийн орон сууцны барилга байгууламжууд, цэцэрлэгт хүрээлэн, спорт амралтын талбай, инженерийн дэд бүтцийн эх үүсвэр, түүний шугам сүлжээг тавих зэргээр төлөвлөжээ.
Сонирхуулахад, Тус бүсэд оршин суух хүсэлтэй иргэдээс сугалаагаар газар өмчлүүлэх ажлыг Баянхонгорт анх удаа 10 дугаар сарын 25-нд зохион байгуулсан. Хотын төвлөрлийг сааруулах, тэлэх зорилготойгоор "Шинэ суурьшлын бүс"-ийн ажлыг аймаг орон нутгаас эхлүүлсэн бөгөөд хүсэлт гаргасан 2000 гаруй хүнээс эхний ээлжинд 500-д нь ийнхүү олгохоор болжээ. 
"Шинэ суурьшлын бүс"-ийг эхнээс нь цэгцтэй, цэвэр орчинтой, эрүүл зөв төлөвлөлттэй байлгах үүднээс Баянхонгор сумын ЗДТГ, ГХБХБГ зэрэг холбогдох байгууллагаас тухайн иргэдтэй газар эзэмшүүлэх, хариуцлагын гэрээ зэргийг байгуулж хөрс усны бохирдол үүсгэхгүй, жорлонгийн асуудлаа эко байдлаар шийдэх, дээвэр хашааны нэг жигд өнгийг зааж өгөх зэргээр тодорхой шаардлагуудыг тавих юм байна.
Холбоотой мэдээ