Түүхий нүүрс оруулж ирэхийг завдсан хэрэг олширчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-11-21 13:36:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НОБГ, НМХГ, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс хамтран сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээллээ.

Энэ долоо хоногт Яаралтай түргэн тусламжийн төвд гурван дуудлага иржээ. Сүүлийн өдрүүдэд ахуйн шинж чанартай, ялангуяа яндангийн цооролттой холбоотой дуудлага их ирж байгааг НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй хэллээ. Тэрбээр пийшин зуухны галлагаа, битүүмжлэл муу, яндангаа хөөлөөгүй, хавхлагаа хаах зэргээс үүдэж угаартах эрсдэл их байгаа учраас иргэд галлагааны зөвлөмжийг дагаж мөрдөх, аюулгүй байдлаа хангахыг зөвлөсөн юм.

Агаарын чанартай холбоотой мэдээллийн хувьд PM2.5 буюу нарийн ширхэгт тоосонцор өнгөрсөн оны энэ үетэй харьцуулахад 55 хувиар буурсан, PM10 буюу том ширхэгт тоосонцрын хэмжээ 38 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Харин агаарын чанарт хүхрийн хэмжээ их гарсан ч гол шалтгаан нь автомашины утаанаас их ялгарч байгааг судалгаагаар тогтоосон гэж нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч Х.Галымбек хэллээ.

Сүүлийн өдрүүдэд мэргэжлийн хяналтын байгууллагад түүхий нүүрстэй холбоотой дуудлага ихсэж, авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор түүхий нүүрс оруулж ирэхийг завдсан хэрэг олширч байгааг НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн хэллээ. Ард иргэдийн эрүүл мэндийг сахин биелүүлэх, агаарын бохидолтой тэмцэх Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангахад иргэд, аж ахуйн нэгж хамтарч ажиллах, түүхий нүүрсний хэрэглээг таслан зогсоохыг албаныхан уриалав. Нийслэлд түүхий нүүрс тээвэрлэсэн болон хэрэглэсэн тохиолдолд зөрчлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 4.1.3-т зааснаар иргэнийг 300 мянга, аж ахуйн нэгжийг гурван сая хүртэлх төгрөгөөр торгож байгаа талаар мөн мэдээлсэн юм.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, “Угаарын хийнд хордсон гэх дуудлага сүүлийн өдрүүдэд эрс багассан нь галлагааны зөвлөмжийг хэвшүүлэхэд хэвлэл мэдээллийн байгууллагууд онцгой анхаарч олон нийтэд хүргэж ажилласны үр дүн. Нийслэлд өдөрт 300-400 мянган автомашин замын хөдөлгөөнд оролцож байна. Автомашинаас гарч байгаа хий нь хүний эрүүл мэндэд маш хортой гэж судалгаагаар тогтоогдсон. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан үүнтэй холбогдуулан зөвлөлийн хурал дээр хар утаа хаяж, агаар орчин бохирдуулж байгаа тээврийн хэрэгслүүдийг хотын төвөөр зорчуулахгүй байх үүрэг чиглэл өгсөн. Тиймээс хар утаа их хаяж агаар орчны бохирдол үүсгэж байгаа тээврийн хэрэгслийн мэдээллийг “Нийслэлийн мэдээ” пэйж хуудсанд авч, яаралтай арга хэмжээ авч ажиллана” гэв.

 

Холбоотой мэдээ