Тээвэрлэлтийн хөлс буурснаар нүүрсний тээвэр гацаад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-11-21 16:25:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нүүрс олборлолтын компаниуд ирэх онд БНХАУ-ын талтай худалдан авах гэрээгээ хийж, өөрчлөхдөө ачилт, тээвэрлэлтийг хамтад нь шийдэж байхыг тээвэрчид хүслээ.

Энэ талаар “Пума Империал” зочид буудалд өнөөдөр болсон уулзалт дээр тээвэрчдийн “Баянзам” холбооны Удирдах зөвлөлийн тэргүүлэгч П.Баярхүү хэлж байв.


Тэрээр, хил, гааль, хилийн боомт, АТҮТ хамтран тээврийн компаниуд болон тээвэрчдийг төлөөлсөн ТББ-ынхныг оролцуулсан Зохион байгуулах түр зөвлөл байгуулж дээрх зүйлийг шийдмээр байна гэж байлаа. Ингэхгүй бол Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн тээврийн нөхцөл байдал хүндэрч тээврийн уртын цуваа өнөөдөр гацаж зогсоод байгааг мэдээллээ. Энэ талаар түүнээс тодруулав.

-Тээвэр юунаас болж зогсоод байна вэ?

-Нэгд, тээврийн хөлс унаад байна. Хоёрт, БНХАУ-ын талаас нөөц хангагдсан гэдгээр нүүрс хүлээн авахгүй байна. Хятадаас тээврийн хөлсийг тонн тутамд 65 юань болгон бууруулсан талаар 11-р сарын 10-нд мэдэгдсэн. Үүнээс үүдэн санхүү хүндэрч гаалийн Цагаан хад дахь хяналтын бүсээр нэвтрэх гэсэн уртын тээвэр болон хил гартал тээвэрлэх богины цуваа мөн сул зогсоход хүрлээ.

Өнөөдөр нэг жолооч машиндаа 10-14 хонож, цуваа 2-3 км-ээр л урагшилж байна. Жолооч гэнэтийн байдалд бэлтгэлгүйгээс хоол ундгүй олон хоног гацаж байна. Тиймээс бид өнөөдөр тээвэрчдийн төлөөлөл, ТББ болон төрийн байгууллагынхан, нүүрс олборлогч компаниудыг оролцуулсан уулзалт хийн зөвлөлдөж байна.

-Байдлыг яаж шийдэх гэж байна. Ямар гарц байна вэ?

-Юуны өмнө хилийн таталт байхгүй зам түгжрээд байгаа өнөөгийн нөхцөлд гаалиас нүүрс ачих зөвшөөрлийн бичиг болох манифестыг түр олгохгүй байж дараалалд түгжирсэн машинуудыг хуваарийн дагуу хил рүү татах нь чухал байна. Энэ талаар манай улсын талаас БНХАУ-ын холбогдох байгууллага, компаниудтай ярилцаж ойлголцож, энэ талаар тээвэрчдэд мэдээлмээр байна.

Түүнээс наана хамгийн түрүү жолооч нарт тээврийн хэрэгслээ түр ч атугай зогсоох, парклах чиглэл өгч зохицуулмаар байна. Энэ бол өнөөдрийн нөхцөл байдал. Цаашлаад бидэнд жолооч нарыг даатгал, эмнэлгийн үйлчилгээнд хамруулах, компаниудын хувьд НӨАТ гээд ярилцаж шийдэх олон зүйл байна гэлээ.




Тээвэрчид өнөөдрийн уулзалтаар үүсээд буй нөхцөл байдлын талаар олон талын оролцоотой зөвлөлдөж шийд гарахыг хүсэж байлаа. Гаалийн ерөнхий газар, АТҮТ, "Эрдэнэс Монгол", “Эрдэнэс Тавантолгой” компаниуд болон “Тавантолгой тээвэрчид”, "Баянзам" ТББ оролцсон уулзалтаар Түр зохицуулах зөвлөл байгуулахаар тохиролцлоо. Өнөөгийн байдлаар, Тавантолгойн бүлэг ордоос 14 мянга гаруй жолооч, 180 ААН нүүрс тээвэрлэж байна.

Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ