“Их шинэстэй” ХХК-ийн захирал С.Ганболд Хөдөлмөрийн баатар болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-11-21 21:53:21

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Монгол Улсын гавьяат механикжуулагч, Улсын ургацын 6 удаагийн аварга, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Их шинэстэй ХХК-ийн захирал С.Ганболд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор шагнуулжээ.

Шинэхэн баатар маань газар тариалангийн салбарт 44 дэх жилдээ ажиллаж байгаа аж. Түүний удирдаж буй “Их шинэстэй” ХХК Монгол Улсын “Үрийн аж ахуй” хэмээх албан ёсны улсын бүртгэлийн гэрчилгээтэй хамт олон болж чадсан юм. Ингэснээр тус компани буудайн үрийг шинэчлэх зорилгоо биелүүлээд зогсохгүй, үрийн аж ахуй болон өргөжсөнөөр сумынхаа жижиг аж ахуйн нэгж эрхлэгчид буюу тодруулбал 100, 200 га талбай бүхий газруудыг үрээр хангах боломжтой болсон байна.

“Их шинэстэй” компанийн хувьд давуу талууд ихтэй аж. Тухайлбал ажилчдынхаа туршлага, ур чадварт түшиглэн өнөөдөр үрийн аж ахуй бий болгож чадсан. Түүнчлэн ХАА-н хамгийн сүүлийн дэвшилтэт технологи бүхий “Жон Дерри” хэмээх өртөг өндөр, ажлын үзүүлэлт сайтай техникээр парк шинэчлэлт хийсэн. Мөн хөрсний элэгдэл гэмтлийг хамгаалах зорилгоор тариан талбайгаа тойруулан 5000 орчим нарсны суулгацыг хаврын тариалалтын ажилтайгаа хамтатган хийсэн бөгөөд улсын хэмжээнд нийт 15 сая орчим мод тариалж, ойн төгөл бий болгож чадсан гээд амжилт дүүрэн, туршлага арвинтай хамт олон ажээ.

Эднийх 1997 оноос одоог хүртэл газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа 20 жилийн түүхтэй, ХАА-н ууган компанийг Монгол Улсын гавьяат механикжуулагч, хөдөлмөрийн баатар С.Ганболд үүсгэн байгуулсан байна. Тус хамт олон Монголд анх удаа төслийн нэгжтэй хамтран элдэншүүлэггүй уринш бэлдэх технологийг нэвтрүүлж, тогтвортой ургац авч, үйл ажиллагаа нь хэвийн явж буй компани. 6000 гаруй га эргэлтийн талбайтай, жилд 2500-3000 га-д улаан буудай тариалж 2000 гаруй га-д уринш бэлтгэдэг аж. Мөн үүнээс гадна иж бүрэн засварын газар, 2000 тн-ын хүчин чадалтай үр цэвэрлэгээний механикжсан үтрэмтэй юм.

 

Холбоотой мэдээ