Вайомингийн төлөөлөгчдийн дийлэнхийнх нь дэмжлэгийг сенатч Круз авав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-04-17 12:11:24

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээр өрсөлдөж байгаа сенатч Тед Круз тус улсын Вайоминг муж улсын 29 төлөөлөгчийн 24-ийнх нь дэмжлэгийг авсан байна. Энэ тухай Бүгд Найрамдах намын төлөөлөгчид бямба гарагт болсон намын хурлын дараа мэдээлжээ.

Бямба гарагт болсон намын ээлжит хурлын дүнд сенатч Круз 14 төлөөлөгчийн дэмжлэгийг авсан нь тодорхой болсон байна. Вайоминг муж улсаас долдугаар сарын 18-21-нд Огайо муж улсын Кливленд хотод болох бүгд найрамдахчуудын намын их хуралд нийтдээ 29 төлөөлөгч оролцох юм. Намын их хурлын үеэр 11 дүгээр сарын 8-нд болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд албан ёсоор нэр дэвших хүнийг тодруулна.

Вайоминг муж улсын 29 төлөөлөгчийн 12 нь хэнийг дэмжихээ хэдэн долоо хоногийн өмнө мэдэгджээ. Тэдний 10 нь мөн Крузыг дэмжиж байгаа бол нэг нь түүний гол өрсөлдөгч болох тэрбумтан Дональд Трампыг дэмжихээ мэдэгдсэн байна. Харин нэг нь сонголтоо зөвхөн намын их хурлын үеэр мэдэгдэх аж. Үлдсэн гурван төлөөлөгч чухам хэнийг нь дэмжих нь одоогоор тодорхойгүй байна.

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд албан ёсоор нэр дэвшихийн тулд намын их хурлын 1237 төлөөлөгчийн дэмжлэгийг авах ёстой юм. Нам дотроос нэр дэвшигч тодруулах сунгааны дараагийн чухал үе шат нь дөрөвдүгээр сарын 19-нд Нью-Йорк муж улсад болох сунгаа болно. Нэр дэвшигчид тус муж улсад Бүгд Найрамдах намын 95 төлөөлөгчийн саналын төлөө өрсөлдөнө.

Д.Жаргал

Холбоотой мэдээ