Ховд хотын 335 жилийн ой ирэх онд болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-11-22 16:07:18

Ховд /МОНЦАМЭ/. Монгол орны баруун хязгаарт орших Ховд хотын анхны суурь 1685 онд үүссэн гэж судлаачид үздэг. Энэ утгаараа Ховд хотын 335 жилийн ой ирэх 2020 онд тохиох юм.

Үүнтэй холбогдуулан Жаргалант сумын ЗДТГ-ын санаачилга дор Ховд хотын 335 жилийн ойн үйл ажиллагааг угтсан хэлэлцүүлэг”-ийг хоёр дахь удаагаа зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлгийн зорилго нь Ховд хотын үүсэл хөгжил, түүх, соёл, ёс заншлыг сурталчлах улмаар 335 жилийн ойн үйл ажиллагаа зохион байгуулах тухай мэдээлэл түгээх, аймаг, сумын үе үеийн удирдах ажилтан, төрийн албан хаагчдын саналыг сонсоход чиглэж байв.

Энэ удаагийн хэлэлцүүлэгт аймаг, сумын ИТХ, ЗДТГ-ын үе үеийн удирдлага болон багийн Засаг дарга, бусад салбар байгууллагын төлөөлөл оролцсон юм.

Хэлэлцүүлгийн хүрээнд Жаргалант сумын удирдлага, Ховд их сургуулийн багш нарын зүгээс Ховд хотын түүхэн тойм, бага тайлбар толь ном эмхэтгэн хэвлүүлэх талаар танилцуулж, оролцогчдоос санал авав. Мөн Ховд хотын 335 жилийн ойн үйл ажиллагааг угтан хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцуулснаараа онцлогтой.

Цаашид “Баруун хязгаарын баатарлаг түүхт Ховд хот” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, Ховд хотыг манжийн дарлалаас чөлөөлсөн дайчдад зориулсан хөшөө босгох, бичил цэцэрлэгт хүрээлэн бий болгох, түүхэн баримтат кино хийх зэрэг 10 гаруй ажлыг үе шаттай хийхээр төлөвлөж байна гэж албаныхан мэдээллээ.  

Холбоотой мэдээ