Тусгай зөвшөөрөлгүйгээр согтууруулах ундаа худалдаалж байсан дэлгүүрүүдийг илрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-11-22 22:04:55

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх тасаг нь Ховд их сургуулийн аймаг дахь салбартай хамтран "Эргүүл" хэсэгчилсэн арга хэмжээг Өлгий хотод энэ сарын 19-21-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Арга хэмжээнд 18 офицер, 19 цагдаа, 14 багш, оюутан оролцож, аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг 58 байгууллагын харуул хамгаалалтыг шалгажээ. Мөн 120 иргэнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх яриа хийж, 300 гаруй анхааруулах, сэрэмжлүүлэг хуудас тараасан байна.  

"Гурав хоногийн хэсэгчилсэн арга хэмжээ маань хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилготой байлаа. Арга хэмжээний хүрээнд 68 дэлгүүрт шалгалт хийсэн. Шалгалтын явцад найман дэлгүүрээс хадгалах хугацаа нь дууссан 1340 ширхэг, хоёр дэлгүүрээс тусгай зөвшөөрөлгүй зарж байсан 5320 ширхэг тамхийг тус тус хураан авч эрх бүхий байгууллагад шийдвэрлүүлэхээр шилжүүллээ. Тусгай зөвшөөрөлгүй согтууруулах ундаа худалдан борлуулж байгаа дөрвөн дэлгүүрийг илрүүлж, 79,6 литр согтууруулах ундааг хураасан. Нийтдээ 23 зөрчил илрүүлж арга хэмжээ авсан байгаа" гэж Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Тунгышбай хэллээ.  

Холбоотой мэдээ