Өмнөд Солонгосын төмөр замын ажилчид ажил хаялтаа зогсоожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
СӨҮЛ. /Yonhap/. Солонгосын үндэсний төмөр замын корпорацын /KORAIL/ ажилтнуудын үйлдвэрчний эвлэл тус компанийн удирдлагуудтай тохиролцоонд хүрсэнтэй холбоотойгоор ажил хаялтаа зогсоожээ.
Төмөр замын ажилчид цалингаа 4 хувиар нэмэгдүүлэх, мөн хоёр хүний бүрэлдэхүүнтэйгээр хоёр ээлжээр ажиллахын тулд 4000 хүнийг нэмж ажилд авахыг шаарджээ. Компанийн удирдлагуудтай хийсэн хэлэлцээ бямба гарагаас даваа гарагийн өглөө хүртэл үргэлжилсэн байна. Ажилчид даваа гарагийн өглөөний 9 цагаас ажилдаа буцан орцгоож эхэлжээ. Орон даяар төмөр замын харилцаа хэвийн болоход нэг эсвэл хоёр хоног шаардагдаж магадгүй байна.
KORAIL компани ажилтнуудынхаа цалинг нэмэгдүүлэх, ажиллах нөхцөлийг сайжруулахаас татгалзсанаас дараа төмөр замын ажилчид 11 дүгээр сарын 20-нд хугацаагүй ажил хаяжээ. Өмнөд Солонгосын төмөр замын салбарынхан хамгийн сүүлд 2016 онд ийм ажил хаялт зарлаж байсан бөгөөд тухайн үед тэдний тэмцэл есдүгээр сараас 12 дугаар сар хүртэл 74 хоног үргэлжилсэн байна.