Эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудал, нөөц боломжийн талаар ярилцав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. “Орон нутаг дахь
эмэгтэйчүүдийн манлайлал, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх боломж, арга зам”
сэдэвт сургалт 11 дүгээр сарын 25-ны өдөр болов.
Сургалтын ерөнхий зохион байгуулагчаар “Ухаалаг хөгжил” сургалтын төв, “Тогтвортой амьжиргаа-3” төсөл хамтран ажиллав.
Энэхүү сургалтын зорилго нь орон нутагт хүний эрх, жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн үнэт зүйлсэд суурилсан манлайлал, нийгмийн эгэх хариуцлага, оролцоог нэмэгдүүлэхэд чиглэж байв.
“Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” уриатай энэхүү сургалтад төрийн 23 байгууллага, Жаргалант сумын ерөнхий боловсролын 7 сургууль, 14 цэцэрлэгийн эмэгтэй ажилтнуудын төлөөлөл 90 гаруй хүн оролцлоо.
Тус сургалтыг “Ухаалаг хөгжил” сургалтын төвөөс санаачилсан "Орон нутгийн хөгжилд эмэгтэйчүүдийн манлайлал" хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж байгаагаараа онцлогтой.
Нийгмийн хөгжилд бүх шатны байгууллагын эмэгтэйчүүдийн оролцоо, манлайлал чухал үүрэгтэй. Энэ утгаараа нийгэмд эзлэх эмэгтэйчүүдийн байр суурь, оролцоог нэмэгдүүлэх замаар Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагаанд тэдний дуу хоолой, санал хүсэлтийг бүрэн тусгах зорилтын дагуу “Тогтвортой амьжиргаа-3” төслийн зүгээс энэхүү сургалтыг дэмжин ажилласан гэж төслийн зохицуулагч Ж.Батсайхан онцоллоо.
“Орон нутаг дахь эмэгтэйчүүдийн манлайлал, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх боломж, арга зам” сэдэвт сургалтын чиглүүлэгчээр гурван мэргэшсэн багш ажилласан.
Энэ үеэр эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудал, нөөц боломжуудын талаар нээлттэй ярилцлаа. Ингэснээр сургалтын явцад гарсан саналыг нэгтгэж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлно гэж зохион байгуулагчид хэллээ.



