С.Санжсүрэн: Жинхэнэ атар хагалалт чинь “Зэлтэр”-ийн САА-д хоёр удаа болсон юм

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-11-26 14:13:20

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. ”Атар залуусыг даллаж байна” хэмээх дуудлагаар цэл залуухан насандаа Сэлэнгэ аймгийн Түшиг сум, Зэлтэрийн САА-д ирж, өнөөг хүртэл энэ л газартаа, энэ л сумандаа насаараа ажилласан эрхэм хүмүүн төр түмнээрээ хөдөлмөрөө үнэлүүлж, Монгол Улсын гавьяат агрономич хэмээх эрхэм алдрын эзэн болжээ.

Атрын анхны шанг татсан Түшигийнхэн атрын ойн жилдээ "Алтан гадас" одонт сум болж, тархиндаа ургуулж, талбайдаа соёолуулдаг тариаланчийнхаа энгэрт шинэхэн гавьяатын одонтой, сэтгэл дүүрэн баярлаж байна. Түшиг сум буюу анхны “Зэлтэр”-ийн САА-гаас төрсөн шинэхэн гавьяат С.Санжсүрэн Говь-Алтай аймгийн Цогт сумын унаган иргэн, Сэлэнгэ нутгийн суугуул юм. Тэрээр 1964 онд Зэлтэр”-ийн САА-д Улсын анхны үр шинжилгээний лобаротори гэж байхад ажиллаж байгаад 1968-1971 онд цэргийн албанд татагдан явжээ. Албаа сайн хаасан тэрээр буцаж ирээд 1971-1972 онд САА-даа үрийн агрономи хийж байгаад дэвшин Сэлэнгэ аймгийн ХААУГ-ын үрийн агрономич болсон гэнэ. Улмаар 1976 оны 4-р сард аймгийн Намын хорооны товчооны хурлын шийдвэрээр атрын 2-р аяныг Зэлтэр”-ийн САА-д эхлүүл гэсэн даалгавар авч, САА-н ерөнхий агрономичоор ажиллах тушаал өвөрлөн Түшиг нутагтаа эргэн очсон байна.

Монгол Улсын гавьяат агрономич С.Санжсүрэн ийн дурсамжаа хөгөллөө. Тэрээр: “Бид 1976 оны 06 дугаар сарын 01-ний өдөр гэхэд Цагааннуурын тасгийн 4 бригадыг Оргих”-ын гол дээр авчирч жагсааж байгаад “Атрын 2 дахь аян эндээс эхэллээ гэж 5000 га хагалах даалгавартайгаар ажлаа эхэлж байлаа. Тухайн үед бид ажлын 15 хоногт 5535 га газар хагалсан байдаг юм. Жинхэнэ атар хагалалт чинь Зэлтэр”-ийн САА-д хоёр удаа болсон юм шүү дээ. Атрын 2-р аянаар Цагааннуурын 2-р тасгийг түшиглэн Найрамдал САА байгуулахад хамаг хөрөнгөө тийш нь өгчихсөн юм. Бид 1976-1983 онд тариалангийн бүх талбайгаа хагалж, 15000 га-д хүргэсэн байлаа. Тухайн үед Намын хорооны даргаар Д.Бадарч гэдэг хүн ирсэн юм. Тэгээд Бадарч дарга бид хоёр ярилцсан. Тухайн үед бид бүх газраа хагалсан байсан. Ахиад хагалъя гэвэл голын хойд талд байгаа 1000 га хагалах л үлдсэн байв. Тэгэхээр бэлчээрээ устгаад яахав. Үрээ шинэчилье гэж ярилцаад, тэр талбайгаа үлдээж билээ” хэмээн ярилаа.

Холбоотой мэдээ