Монгол бахархлын өдөрт зориулсан шатрын тэмцээн болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-11-26 12:35:28

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улсаа тунхагласны түүхт 95 жилийн ойд зориулсан Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг шатар сонирхогчдын тэмцээнийг энэ удаа Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2019 оны аварга шалгаруулах нэртэйгээр амжилттай зохион байгууллаа.

Тус тэмцээнд 18-аас дээш настай, спортын цол зэрэггүй эрэгтэй 18, эмэгтэй 4 шатарчин оролцож, оюун ухаанаа сорилоо. Тус тэмцээнийг сумын ИТХ, Сэлэнгэ аймгийн Шатрын холбоотой хамтран зохион байгуулжээ.

Тэмцээний нээлтийн ажиллагаанд аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Э.Оюунболд хүрэлцэн ирж тамирчиддаа спортын өндөр амжилт хүсэн анхны өргийг эхлүүлсэн аж. Тус тэмцээний аваргаар С.Сундуй, Ц.Оюунжаргал тодорч, С.Хишиг-Очир, Л.Энхболор, Ж.Мөнхзул, Л.Нямдорж нар удаалжээ. Тэмцээний тэргүүн байр эзэлсэн тамирчид аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авчээ.

 


Холбоотой мэдээ