Махны нийлүүлэлт их байгаа ч үнэ нь өндөр байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-11-26 12:38:22
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Статистикийн хэлтсээс гаргасан мэдээгээр 2019 оны 11 дүгээр сард хонины махны жижиглэнгийн үнэ 6500, ямааны мах 6000 төгрөгийн үнэтэй байна.
Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал хонь, ямааны махны нийлүүлэлт их байгаа ч үнэ, ханш нь өссөн үзүүлэлттэй байна. Тодруулбал, өнгөрсөн оны 11 дүгээр сард хонины мах 5500, ямааны мах 5000 төгрөгийн үнэтэй байсан ба 8,3 хувийн өсөлттэй байгаа ажээ.
Дундговь аймгийн нийт нутгаар энэ жил бэлчээрийн  даац хэтэрсэн, өвөлжилтийн байдал хүндэрч байгааг аймгийн УЦУОШТ, ХХААГ-аас анхааруулсан.
Иргэдийн амьжиргааны эх үүсвэр болсон мал сүргийг хамгаалах, үүссэн онцгой нөхцөл байдлыг даван туулахын тулд малын тоо толгойг бууруулж, тодорхой тооны мал сүргээ тэжээн авч үлдэхийг Олон улсад мөрддөг "Онцгой байдлын үед мал амьтанд чиглэсэн үйл ажиллагаанд баримтлах заавар, стандарт" (LEGS) зөвлөдөг.
Манай малчид ч өөрсдийнхөө амьдралын туршлага дээрээ тулгуурлан малынхаа тоо толгойг цөөлж байгаа тул аймгийн төвийн мал нядалгааны газрын ачаалал их байгаа ажээ. Тиймээс хэрэглэгчдийн хувьд цаашид махны нийлүүлэлт ихэсч,  үнэ буурна гэсэн хүлээлттэй байна. 

Холбоотой мэдээ