П.Тэмүүжин олимпид хүч үзэх анхны монгол таеквондоч боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭФилиппин улсад болсон “Рио-2016” зуны олимпийн эрх олгох таеквондогийн олон улсын тэмцээнээс эрэгтэйчүүдийн 68 кг-д ОУХМ П.Тэмүүжин мөнгөн медаль хүртсэнээр олимпийн дэвжээнд хүч үзэх Монголын анхны таеквондоч болов.
П.Тэмүүжин олимпийн мөнгө, хүрэл медальт Афганистаны шилдэг тамирчин Р.Никпахыг ялж, хүрэл медалийн болзол хангасан. Харин олимпийн эрх олгох, хагас шигшээ тэмцээнд Тайванийн таеквондоч Жэн Хао Ченьтэй тулалдаж 12:6-аар ялж олимпийн эрх авах болзлыг хангалаа. Тэрбээр аваргын төлөөх тулаанд Йорданы тамирчин Ахмедтай тулалдан оноогоор хожигдож мөнгөн медалийн эзэн болов.
Монголын таеквондогийн тамирчдаас анхны эрх авсан П.Тэмүүжинд Монголын таеквондогийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Монголын оюутны таеквондогийн холбооны ерөнхийлөгч Ж.Алдарбаяр 10 сая төгрөгөөр шагнахаар болжээ.
Д.Өлзий