Монгол Улсын баатар Л.Аюушийн гэрэлт хөшөөг сэргээн засварлалаа

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2019-11-27 19:35:25

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын баатар Л.Аюушийн гэрэлт хөшөөг орон нутгийн төсвөөр сэргээн засварлаж орчныг тохижууллаа.

Хөшөөний нээлтийг Монгол Улс тусгаар тогтнолоо зарлан тунхагласны 95 жилийн ойн өдөр зохион байгуулж, цэцэг өргөн Монгол Улсын баатар Л.Аюуш агсанд хүндэтгэл үзүүлсэн юм.

Гэрэлт хөшөөнд Л.Аюушийн намтар, баатарлаг гавьяаг болон "Монгол Улсын баатар" цолоор нэхэн шагнах тухай тогтоолын хамтаар сийлж, “Мөнхөд дуурсагдах баатрууд”-ын хүндэт самбарыг босгон Өвөрхангай аймгаас 1939 оны Халхын голын дайн, 1945 оны чөлөөлөх дайнд оролцож, баатарлаг гавьяа байгуулсан дайчдын нэрсийг мөнхлөөд байна.

Ташрамд дурдахад, Л.Аюуш нь 1922 онд Төгрөг суманд төрсөн бөгөөд Монгол ардын армийн байлдагчаар цэргийн алба хаан 1945 оны чөлөөлөх дайнд оролцож байжээ. Энэ үеэр Жанчхүүгийн давааны их бэхлэлтийг тагнах үүргийг авч явахдаа  байлдааны галын дунд  дайчдаасаа тасран  дайсны голомт уруу орж, пулемётын галын цэгүүдийг устгасаар 11 удаа шархдан баатарлагаар амь үрэгдсэн байна. Түүнд 1945 оны 09 дүгээр сарын 26-нд Монгол Улсын баатар цол хүртээжээ.

Холбоотой мэдээ