Хөдөөгийн багт нарийн мэргэжлийн эмч нар ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. 2016-2020 онд хэрэгжүүлэх Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан иргэн бүрийг эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамруулах заалт, "Тэмбүүг тэглэе" аяны хүрээнд нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг оношилгоо Засаг захиргааны анхан шатны нэгж багаас багийн хооронд өрнөж байна.
Баянхонгор аймгийн ЗДТГ, ЭМГ, Нэгдсэн эмнэлэг, Эрдэнэцогт сумын ЗДТГ, ЭМТ-өөс хамтран явуулж буй уг эрүүл мэндийн үзлэг оношилгоо Эрдэнэцогт суманд Эрхэт Тамчийн тавдугаар багаас эхэллээ. Тус баг нь аймгийн төвөөс 100 гаруй км зайтай бөгөөд зам даваа гүвээ, бартаа ихтэйгээсээ шалтгаалж Эрхэт, Тамч хавийн малчид тэр бүр эмнэлэгт хандаад байж чаддаггүй байна.
Дотор, ЭХО, БЗХӨ илрүүлэг, рентген, мэдрэл, эмэгтэйчүүдийн эмч нар ийнхүү үзлэг оношилгоо хийж байгаа бөгөөд хөдөөгийн иргэдийн хувьд урьд өмнө нь оршин суугаа газраа нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх боломж таарч байгаагүй гэдгийг хэлж байв.
Үйл ажиллагааны нээлтэд аймгийн Засаг дарга Г.Батжаргал, НБХ-ийн дарга Д.Энхжаргал, ЭМГ-ын НЭМТ-ийн дарга н.Балжмаа, сумын Засаг дарга Ц.Төмөрбаатар нарын холбогдох хүмүүс оролцлоо. Засаг дарга Г.Батжаргал, "Өөртөө болон гэр бүлдээ хайртай, үр хүүхдүүдийнхээ өмнө хүлээсэн үүргээ ухамсарлаж яваа хүн бүр эрүүл мэнддээ санаа тавьдаг байх учиртай. Төр засгаас тусгай бодлого болгож нэлээдгүй зардлаар явуулж буй энэ үйл ажиллагаанд Баянхонгор аймгийн иргэн бүхэн хамрагдах ёстой" гэдгийг онцолж байлаа.
Эрдэнэцогт суманд тус үзлэг оношилгоо энэ сарыг дуустал үргэлжилнэ.