Шинэ дайчдын дундаас 38 байлдагч онц буудагч болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-11-28 09:57:03

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Зууны манлай хилчин, дэслэгч генерал Б.Цэдэн-Ишийн нэрэмжит ХЦ-ийн 0243-р ангид алба хаахаар 2019 оны хоёрдугаар ээлжинд татагдан ирсэн цэрэг дайчдын "Тангараг өргөх" ёслол энэ сарын 24-ний өдөр боллоо.

Хугацаат цэргийн албанд татагдан ирсэн хилчин дайчид цэргийн хэргийн анхан шатны мэдлэг олгох сургалтдаа амжилтай суралцаж улмаар Монгол Улсын үндсэн хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж буйгаа илэрхийлэн ийн тангараг өргөдөг уламжлалтай юм. Хугацаат цэргийн албанд татагдан ирсэн хилчин дайчдын сурлагын амжилт жил ирэх тутам өсөн нэмэгдэж байгааг энэ үеэр онцолж байлаа.

Тус үйл ажиллагааны үеэр ХЦ-ийн 0243-р ангийн захирагч, хурандаа Б.Гантөмөр:”Монгол Улсын үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ биелүүлэхээр зориг шулуудан эх орон, тусгаар тогтнол, улсын хилийн халдашгүй дархан байдлыг хамгаалах эрхэм хүндтэй үүргээ хүлээж, бие бялдрын болон сэтгэл зүйн бэлтгэлийг олж авсан гэдэгт итгэлтэй байна. Шинэ дайчдын сурлагын амжилт 84 хувьтай байгаа нь өмнөх онуудаас 10 хувиар дээшилсэн амжилтыг үзүүлжээ. Шинэ дайчдын дундаас 38 байлдагч онц буудагч болсныг онцлон тэмдэглэхэд таатай байна” гэлээ.   

Энэ удаагийн тангаргийн баярын онцлог нь жил бүр цэрэг дайчдаа тогтмол илгээдэг Булган аймгийнхан залуусаа дэмжихээр ирсэн байв. Булган аймгаас жил бүр 80 гаруй цэргээ илгээдэг байсан бол энэ жилээс Завхан аймаг руу илгээдэг болсноор залуусаа хуваан 40 гаруй цэргийн залуусаа нааш нь илгээжээ.  

Тангараг өргөх үйл ажиллагаанд тус ангийн бие бүрэлдэхүүн, мөн жил бүр цэргийн насны залуусаа илгээн хамтран ажилладаг аймаг, сумын удирдлагууд, албан тушаалтнууд хүндэтгэл үзүүлэн оролцжээ. Жил бүр тус ангид Дархан-Уул, Орхон, Булган, Төв аймгууд, Улаанбаатар хотоос алба хаахаар хуваарилагдан ирдэг байна. Энэ удаа мөн л Дархан-Уул, Булган, Төв, Сэлэнгэ, Баян-Өлгий, Орхон аймаг, Улаанбаатар хотоос залуус ирсэн байна.

Эх орныхоо торгон хилийг хамгаалах ариун үүргээ нэр төртэй биелүүлэхээр тангараг өргөсөн хилчдын эцэг, эх, гэр бүлийнхэн энэхүү баярт оролцохоор хүрэлцэн ирсэн байв. Тэд хүүхдүүдээ ээж, аавын хүү байсан бол өнөөдрөөс эх орны хүү боллоо. Тэд хүүхдүүддээ хандаж, эр цэргийн албаа нэр төртэй хаагаад, ихийг сурч мэдэн эх орондоо хэрэгтэй сайн хүн болон төлөвшихийг хичээнгүйлэн захиж байлаа.

 

Холбоотой мэдээ