А.Оюунтүлхүүр: 2020 онд НД-ын архивыг цахимжуулснаар бичиг баримтаа чирэгдэлгүй шуурхай авах боломж бүрдэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-11-28 15:07:14

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Авирмэдийн Оюунтүлхүүртэй ярилцлаа. 


-Нийгмийн даатгалын сангуудаас аймгийн хэмжээнд хэчнээн хүн тэтгэвэр тэтгэмж авч байгаа вэ?

-Аймгийн хэмжээнд 8705 иргэн өндөр насны, 3217 иргэн тахир дутуугийн, 911 иргэн тэжээгчээ алдсаны, нийт 12933 тэтгэвэр авагчдад жилдээ 48 тэрбум гаруй төгрөгийн тэтгэвэр олгох үйлчилгээг манай хэлтэс цаг хугацаанд нь чирэгдэлгүй шуурхай олгож байна. Мөн тэтгэврийг сүүлийн хоёр жил дараалан тодорхой үе шаттай нэмэгдүүлсэн бодлого шийдвэрийг хэрэгжүүлж, өнөөдөр бүрэн тэтгэврийн доод хэмжээ 310 мянган төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 270 мянган төгрөгт хүрээд байна. Тэтгэврийн сангаас тэтгэвэр авагч даатгуулагчид хуулиар тавигдах шаардлага нь 20-иос доошгүй жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй даатгуулагч 60 настай, эмэгтэй даатгуулагч 50 настайдаа өндөр насны тэтгэврээ тогтоолгох үндсэн болзол байгаа. Мөн энэ 20 жил дээр 2018 оноос эхлээд жил бүр 3 сар нэмж байгааг бас тооцох ёстой байгаа. Хувь тэнцүүлсэн тэтгэврийг 10 жилээс доошгүй жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй даатгуулагч 60 настай, эмэгтэй даатгуулагч 55 настайдаа тогтоолгох эрх үүсч байгаа бөгөөд эрэгтэй, эмэгтэй даатгуулагчдын насан дээр 2018 оноос жил бүр 3 сарыг нэмэгдүүлэн тооцож байна.

   Нийгмийн даатгалын тэтгэмжийн сангаас жирэмсэн амаржсаны тэтгэмж, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж, оршуулгын зардлыг даатгуулагчид олгодог бөгөөд тэтгэмж авах даатгуулагчдын тоо жил бүр нэмэгдэж байна. 2019 онд энэ сангаас нийтдээ 3100 гаруй хүн тэтгэмж авч, 2 тэрбум гаруй төгрөгийн зардал гаргаад байна. Энэ сангийн хуулийн шаардлага нь 3-аас доошгүй сар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагч хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж, 12 сараас доошгүй жил шимтгэл төлж, жирэмсний амралт авахын өмнөх 6 сард тасралтгүй шимтгэл төлсөн даатгуулагч эмэгтэй жирэмсэн амаржсаны тэтгэмж, 3-аас доошгүй жил шимтгэл төлсөн даатгуулагч нас барвал оршуулын зардал нэг сая төгрөг авах эрх үүсч байгаа. Энэхүү тэтгэмжийн үйлчилгээ сайн дурын даатгал төлөгчид бас адилхан үйлчилдэг тул ажил хөдөлмөр эрхэлдэггүй, малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч нар сайн дурын даатгалд хамрагдаж энэ үйлчилгээг авах боломжтой.

  Ажилгүйдлийн даатгалын санд даатгуулагч цалин хөлс орлогоосоо 0,2 хувиар 24 сараас доошгүй хугацаанд шимтгэл төлж, ажилгүй болохын өмнөх 9 сард тасралтгүй шимтгэл төлсөн тохиолдолд ажилгүйдлийн тэтгэмжийг шимтгэл төлсөн хугацаанаас хамаараад хуулинд заасан хувь хэмжээгээр 76 хоногийн тэтгэмж авах эрх үүсэх юм. 2016 оноос жил бүр ажилгүйдлийн тэтгэмж авагч буурч байгаа нь байгууллага, аж ахуйн нэгжид ажиллаж байгаа даатгуулагчид тогтвор суурьшилтай ажиллаж байгааг харуулж байгаа эерэг үзүүлэлт юм. Энэ жилийн хувьд 167 хүнд 266,9 сая төгрөгийн тэтгэмж олгоод байна. Ажилгүйдлийн тэтгэмжийг зөвхөн төрийн байгууллагад ажилладаг хүмүүс авдаг гэж иргэд ойлгоод байдаг. Энэ тэтгэмжийг хуулийн болзол хангасан байгууллага, аж ахуйн нэгж, компанид ажиллагсад ямар шалтгаанаар ажилгүй болсноосоо үл хамаараад авах эрхтэй.

   Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын санд зөвхөн ажил олгогч шимтгэл төлдөг онцлогтой. Энэ сангаас даатгуулагч хөдөлмөрлөх явцдаа үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа удаан хугацаагаар буюу байнга алдаж тахир дутуу болсон бол тахир дутуугийн тэтгэвэр, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас даатгуулагч нас барсан бол түүний асрамжид байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд тэжээгчээ алдсаны тэтгэврийг шимтгэл төлсөн жил харгалзахгүйгээр тогтоолгон авах эрхтэй байдаг. Энэ онд энэ сангаас 24 хүнд 747,8 сая төгрөгийн тэтгэвэр тэтгэмж олгосон.

-Ажил хөдөлмөр эрхэлдэггүй иргэд нийгмийн даатгалд ямар хэлбэрээр хамрагдах боломжтой вэ?

-Иргэд нийгмийн даатгалд албан журмаар болон сайн дураар даатгуулахаар хуульд заасан байгаа. Ажил хөдөлмөр эрхэлдэггүй иргэд, малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгч, оюутан залуус нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулан сайн дурын даатгалд хамрагдах боломжтой. Сайн дурын даатгуулагчийн хувьд нийгмийн даатгалын шимтгэлээ төлөхдөө тухайн оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 320 мянган төгрөгөөс 10 дахин нэмэгдүүлсэн хэмжээ буюу 3,2 сая төгрөг хүртэлх цалин, орлогоос шимтгэл төлөх цалин, орлогоо сонгож, тэтгэврийн даатгалд 11,5 хувь, тэтгэмжийн даатгалд 1 хувь, ҮОМШӨ-ий даатгалд 1 хувь, нийт 13,5 хувиар шимтгэл төлнө. Сайн дурын даатгуулагч ийнхүү нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох, хөдөлмөрийн чадвараа түр алдах, ажил хөдөлмөр эрхэлж яваад үйлдвэрлэлийн ослын акт тогтоолгох зэрэгт тухайн жилдээ 182 хоног хүртэл хугацаанд тэтгэмж тогтоолгон авах, даатгуулагч нас барсан бол түүний ар гэрт оршуулгын тэтгэмж, тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авах, мөн даатгуулагч жирэмсэн болон амаржсан тохиолдолд нийт 120 хоногийн хугацаанд тэтгэмж авах боломжтой байдаг.

-Танай байгууллагаар их олон хүн үйлчлүүлдэг. Ингэхэд жилдээ ямар орлого санхүүжилттэй байдаг вэ?

-Нийгмийн даатгалын байгууллага нь даатгуулагч, ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэл цуглуулах замаар сангийн орлогоо бүрдүүлээд сангаасаа тэтгэвэр тэтгэмж олгож үйлчилдэг. Өөрөөр хэлбэл орлого бүрдүүлэх, дахин хуваарилах гэсэн өвөрмөц үйлчилгээг үзүүлдэг байгаа. Энэ оны 10 сарын байдлаар 11814 иргэнийг албан журмын даатгалд, 4397 иргэнийг сайн дурын даатгалд, 929 аж ахуйн нэгж байгууллагыг нийгмийн даатгалд хамруулж, 13,4 тэрбум төгрөгийн шимтгэлийн орлого төвлөрүүлэн сангаасаа давхардсан тоогоор 121852 хүнд 38,7 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгоод байна.

   Манай хамт олон Нийгмийн даатгалын сангийн орлогын төлөвлөгөөг сүүлийн 3 жил дараалан 100-105 хувиар биелүүлснээр тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох боломжийг бүрдүүлсэн. Нөгөө талдаа аймгийн хэмжээнд нийгмийн даатгалын сангийн зардал жил бүр 3-5 хувиар тогтмол өсч, энэ хэмжээгээр нийгмийн даатгалаас үйлчилгээ авч байгаа иргэд даатгуулагчдын тоо нэмэгдэж байна.

-Нийгмийн даатгалын байгууллага шимтгэл төлөлтөд хөнгөлөлт үзүүлдэг үү?

-Нийгмийн даатгалын байгууллага хууль журмын дагуу ажилгүйдлийн болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангаас болзол шаардлага хангасан ажил олгогчид зохих хувиар шимтгэл төлөлтөд хөнгөлөлт үзүүлдэг байгаа. Тухайлбал, Нийгмийн даатгалын сангийн ажилгүйдлийн даатгалын болон ҮОМШӨ-ий даатгалын сангаас гурван жил тутамд ямар нэгэн зардал гаргуулаагүй буюу даатгуулагчийг тогтвор суурьшилтай ажиллуулсан, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний эрсдэлд даатгуулагчийг оруулаагүй аж ахуйн нэгж, байгууллагыг холбогдох хууль тогтоомжийн дагуу урамшуулан тухайн даатгалын сангуудаас шимтгэлийн хэмжээг 10 хүртэл хувиар хөнгөлдөг. Сүүлийн гурван жилд нийтдээ 486 аж ахуйн нэгж, байгууллагад 8,8 сая төгрөгийн шимтгэлийн хөнгөлөлт үзүүлсэн байна.

-Малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуулсан. Энэ хуулийн дагуу малчид тэтгэвэр тогтоолгож байгаа юу?

-Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд 2017 онд орсон өөрчлөлтөөр малчин даатгуулагчийн тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулж, 55 нас хүрсэн эрэгтэй малчин нийт 20 жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байх ба үүнээс 15 жил малчнаар ажилласан бол, эмэгтэй малчин 50 нас хүрсэн ба нийт 20 жил шимтгэл төлж үүнээс 12,5 жил малчнаар ажилласан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжтой болсон. Энэ хуулийн үйлчлэлээр манай аймагт 596 малчин даатгуулагч өндөр насны тэтгэвэр тогтоолгоод байна.

  Дээрх хуулийн үйлчлэлээр малчнаар ажилласан жилийн болон насны болзол хангасан иргэд маань нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байх жил нь хүрэхгүйгээс өндөр насны тэтгэврээ тогтоолгож чадахгүй байгаа. 2020 онд Малчид хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль хэрэгжсэнээр дээрх иргэдийн нийгмийн баталгаа хангагдана. 

-Танай хэлтсийн зүгээс үйлчилгээндээ хэрэгжүүлсэн шинэлэг ажил юу байна?

-Аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хамт олон бид 2017 оныг “Эерэг хандлага-чанартай үйлчилгээний жил”, 2018 оныг “Цахим үйлчилгээг хөгжүүлэх жил”, 2019 оныг “Танд ойрхон найрсаг үйлчилгээний жил” болгон зарласан зорилтыг хэрэгжүүлж, нийгмийн даатгалын үйлчилгээг цахимжуулах, шуурхай чанартай үйлчилгээг хүргэх, даатгуулагчид ээлтэй орчин бүрдүүлэхэд анхаарч ажиллалаа. Мөн нийгмийн даатгалын мэргэжлийн үйлчилгээг хүргэхийн тулд байцаагч ажилтнуудыг чадавхжуулах, харилцааны эерэг хандлагыг хэвшүүлэхэд анхаарч ажиллаж байна.

   Нийгмийн даатгалын мэдээллийн үйлчилгээ цахимд бүрэн шилжиж, даатгуулагчийн гар утасны аппликейшнийг үйлчилгээнд нэвтрүүлснээр даатгуулагч нийгмийн даатгалын мэдээллийн баазад байгаа шимтгэл төлөлт, сангаас гаргуулсан зардал, төлбөрөө харах, хянах, нийгмийн даатгалын үйлчилгээ болон нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаар мэдээлэл авах бүрэн боломжтой боллоо. Энэ аппликейшнийг аймгийн хэмжээнд 4700 гаруй даатгуулагч гар утсандаа суулган ашиглаж байна.

   Мөн тэтгэвэр, тэтгэмжээ тогтоолгохын тулд өмнө нь иргэд аймаг, дүүргийн хэлтэс хооронд шимтгэл төлсөн архивын материалаа өөрсдөө хөөцөлдөн бүрдүүлдэг байсныг шинэчилж, хэлтэс хоорондоо даатгуулагчийн өмнөөс мэдээлэл солилцдог болсон ба даатгуулагчид үзүүлэх үйлчилгээг улам бүр хялбаршуулж байна. Аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь 2019 онд 905 даатгуулагчид нийгмийн даатгалын архивын лавлагаа гарган өгч үйлчилснээс 60 лавлагааг даатгуулагчийн өмнөөс бусад аймаг дүүргээс гаргуулан өгчээ. Мөн ажил олгогчийн 1995-2005 он хүртэлх нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан нийгмийн даатгалын байгууллагын цахим мэдээллийн санд бүртгэгдээгүй цаасан суурьтай баримтаар байсныг дижитал хэлбэрт оруулан цахимжуулах бэлтгэл ажлыг 100 хувь хангалаа. Даатгуулагч тухайн жилүүдэд шимтгэл төлж, ажилласан мэдээллээ архиваас шүүлгэхэд багагүй хугацаа зарцуулж, хүндрэл учирдаг байсан бол ирэх 2020 онд нийгмийн даатгалын архивыг цахимжуулснаар бичиг баримтаа чирэгдэлгүй шуурхай авах боломж бүрдэхээс гадна өөрийн шимтгэл төлж ажилласан жил, цалин орлогын мэдээлэлдээ тулгуурлан тэтгэврийн тооцооллоо хийх нөхцөл бүрдэх юм.

   Нийгмийн даатгалын байгууллагаас даатгуулагчид олгодог үнэт цаас болох тэтгэврийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн дэвтэр, эмнэлгийн хуудас зэрэг 11 төрлийн үнэт цаасыг үнэ төлбөргүй олгон үйлчилж байна.

   Ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг тоон гарын үсгээр хүлээн авах боломжийг бүрдүүллээ.

 Тэтгэвэр, тэтгэмжийг тогтоох үйл ажиллагааны хугацааг богиносгож, үдийн цайны цагаар үйлчлэх, угтах үйлчилгээг нэвтрүүлж, даатгуулагч сайн дурын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ QPAY болон ПОС үйлчилгээгээр шууд төлдөг боллоо.

   Шинээр өөрсдөө санаачилж “Хэрэглэгчийн үнэлгээний веб” үйлчилгээг нэвтрүүлснээр даатгуулагч үйлчлүүлэгчид үзүүлсэн үйлчилгээ бүрийг цахимд бүртгэж, мэдээллийг тухай бүр нь даатгуулагчийн гар утсанд мэдэгдсэнээр үйлчилгээ авсан даатгуулагч цахимаар тухайн байцаагчид үнэлгээг өгөх боломжийг бүрдүүлсэн нь байцаагч ажилтнуудын ажлын хариуцлагыг дээшлүүлж, үйлчилгээг чанартай шуурхай болгоход дэмжлэг үзүүлэх  юм.

   Эцэст нь хэлэхэд манай хамт олон гурван жил тутам авдаг нийгмийн даатгалын улсын байцаагчийн шалгалтад хамт олноороо амжилттай дүн үзүүлж, ажил мэргэжлийн улсын уралдаанд гуравдугаар байр эзэлж, 2018 оныхоо ажлаар салбартаа гуравдугаар байрт орсон амжилтыг үзүүлээд байна. Энэ бүхэн манай хамт олны хичээл зүтгэл, даатгуулагч иргэдийн маань дэмжлэг, хамтын ажиллагааны үр дүн юм.

   Нийгмийн даатгалын хэлтсийн хамт олон бид даатгуулагч Таны төлөө Танд ойрхон ажиллаж, нийгмийн даатгалын үйлчилгээг мэргэжлийн түвшинд, түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй хүргэсээр байх болно. 

-Танд баярлалаа.

Холбоотой мэдээ