Эрх зүйн хөтөч бэлтгэх сургалт эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Эрх зүйн хөтөч бэлтгэх, эрх зүйн хөтчийн мэдээллийн булан болох www.e-khutuch.mn вэб сайтыг танилцуулах үйл ажиллагаа өнөөдөр Арвайхээр хотноо боллоо.
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 50 дугаар тогтоолоор “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг батлан гаргасан. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс орон нутагт ажиллаж, 21 аймгийн засаг, захиргааны бүх нэгжид эрх зүйн хөтчийг бэлтгэх сургалтыг зохион байгуулж байгаа юм.
“Иргэдийн эрх зүйн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх нь цаашид гарах олон сөрөг үр дагавраас сэргийлэх сайн үр дүнтэй. “Нээлттэй нийгэм форум” ТББ-аас үндэсний хэмжээнд хийсэн судалгаанаас харахад иргэдийн 50 хувь нь ямарваа нэг байдлаар хуульзүйн үр дагавар бүхий асуудалд орсон байдаг. Гэвч уг асуудлаа хуулийн хүрээнд шийдүүлэхийн тулд хаана, хэнд хандахаа дийлэнх нь мэдэхгүй өнгөрсөн байна. Зүй нь тэд өмгөөлөгчид, төрийн эрх бүхий байгууллагад хандаж, асуудлаа шийдүүлэх байтал ах дүү, найз нөхөд, лам бөөд очиж тусламж хүссэн байна” хэмээн ХЗҮХ-ийн Хууль зүйн сургалт, мэдээлэл, сурталчилгааны дарга А.Түвшинтулга сургалтын үеэр хэлж байлаа.
Энэ нь иргэд хууль, эрх зүйн мэдээллээр дутмаг байгааг харуулж байгаа ба үүнийг шийдвэрлэхийн тулд “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг батлан гаргасан гэдгийг тэрээр хэлсэн юм.
Сургалт хоёр өдөр үргэлжлэх бөгөөд эрх зүйн актын тухай ойлголт, эрх зүйн хөтчийн анхаарах асуудал, харилцааны ур чадвар, Иргэний хуулийн зарим суурь зохицуулалт зэрэг олон сэдвээр Удирдлагын академи, Монголын Хуульчдын холбооны багш нар хичээл заана.