Дотоодын цэргийн 805 дугаар ангийг Цэргийн гавьяаны одонгоор шагнав

Монголын мэдээ | Хууль
munkhbaatar@montsame.gov.mn
2019-12-02 15:47:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Дотоодын цэргийн 805 дугаар ангийг Цэргийн гавьяаны одонгоор өнөөдөр шагнав. Одон гардуула ёслол тус ангийн жагсаалын талбайд боллоо. 


Зарлигийг уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга одонг Дотоодын цэргийн 805 дугаар ангийн байлдааны туганд зүүж, одоо үүрэг гүйцэтгэж байгаа болон өмнө нь үүрэг гүйцэтгэж байсан нийт бүрэлдэхүүнд баяр хүргэн үг хэлсэн юм.



Тэрбээр, "Монголын төр Цэргийн гавьяаны одонгоор шагнаж байгаа нь Дотоодын цэргийн 805 дугаар ангийн түүхийг бүтээлцсэн үе үеийн ахмадууд, алба хаагчдын гавьяа зүтгэлийг үнэлж байгаагийн илэрхийлэл юм. Цаашид ололт амжилтаа бататган, Төрийн хуулийг чанд мөрдөж, үндэсний аюулгүй байдлыг хангах, хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхийн төлөө бүхий л боломж нөхцөлөө дайчлан ажиллана гэдэгт итгэл төгс байна" хэмээсэн юм. 


Тус анги нь 1935 оны наймдугаар сарын 29-нд БНМАУ-ын Дотоод явдлын яамны сайдын З21 дүгээр тушаалаар “Дотоодын цэргийн тусгай салаа” нэртэйгээр байгуулагдсан Дотоодын цэргийн 805 дугаар анги нь 1945 оны 428 дугаар тушаалаар япон цэргийн олзлогдогсдыг “Хамгаалах хороо” нэртэйгээр өргөтгөн зохион байгуулагдаж байжээ.



Тусгай хороо, батальоныг НАХЯ-ны Сайдын 1988 оны Б/323 дугаар тушаалаар нэгтгэж, Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын харьяа 0230 дугаар тусгай хороо болгон өргөтгөгдсөн бөгөөд 1992 онд Цагдаагийн ерөнхий газрын даргын 145 дугаар тушаалаар “Дотоодын цэргийн 805 дугаар анги” болгон өөрчилсөн байна. 


Хожим 2014 онд Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Дотоодын цэргийн 805 дугаар ангийг Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны бүтцэд шилжүүлж, “Хамгаалалтын гуравдугаар газар” болгосон. Харин Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 280 дугаар тогтоолоор “Дотоодын цэргийн 805 дугаар анги”-ийг дахин эмхэтгэн байгуулжээ.

Холбоотой мэдээ