Он гарсаар 16 хүн зам тээврийн ослоор амь насаа алджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-11-29 23:13:14

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймгийн хэмжээнд зам тээврийн ослын улмаас 16 хүн нас барж, 29 хүн бэртэж гэмтжээ. Орон нутгийн баталгаагүй замд бүрэн бус тээврийн хэрэгслээр буюу мотоциклоос үүдэлтэй осол нийт ослын дийлэнх хувийг эзэлж байгаа талаар аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас мэдээллээ.

Монгол Улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас жилд 600 орчим хүн амь насаа алддаг гэх харамсалтай тоо баримт бий. Иймд Тээврийн цагдаагийн албанаас 11 дүгээр сарын 29-ний өдрийг зам тээврийн осолгүй, аюулгүй амьдралын төлөө "Хичээх өдөр" болгон зарласан билээ.

Энэ өдрийн хүрээнд аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас санаачлан эмнэлгийн түргэн тусламж, Онцгой байдлын газар, мөн авто жолооны сургуулийн төлөөллүүдийг хамруулсан хүндэтгэлийн цувааг төв зам дагуу хийж, зам тээврийн ослоор амь насаа алдагсдын ар гэрийнхэнд хүндэтгэл үзүүллээ.

Энэ оны 11 сарын байдлаар зам тээврийн осолтой холбоотой гэмт хэрэг 31 бүртгэгдсэн нь өмнөх оноос зургаагаар нэмэгджээ. Тиймээс ганц энэ өдөр гэлтгүй цаашид хүн бүр дор бүрнээ хичээж, замын хөдөлгөөнд зөв, соёлтой оролцохыг уриаллаа.

 

Холбоотой мэдээ