ДОХ-оор халдварлагсдын ихэнх нь бэлгийн цөөнх эрчүүд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-11-29 18:05:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жил бүрийн 12 дугаар сарын 1-нд тохиодог “ХДХВ, ДОХ-ын асуудалд олон нийтийн анхаарал хандуулах дэлхийн өдөр”-ийг тэмдэглэх талаар ЭМЯ, ХӨСҮТ хамтран хэвлэлийн хурал хийлээ.

ДЭМБ энэ өдрийг тэмдэглэх тухай санаачилгыг 31 жилийн өмнө гаргасан бөгөөд энэ онд ХДХВ, ДОХ-ын асуудалд иргэн, иргэний нийгмийн байгууллагын үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, үйл ажиллагааг нь дэмжих зорилгоор "Өөрчлөлтийг та бид хийнэ” уриан дор зохион байгуулах юм.

Монгол Улсад 615 хүн ХДХВ-ийн халдвартай гэж тооцоолсон бөгөөд үүний 38 хувийг илрүүлээд байгаа аж. ХДХВ, ДОХ-ын тусламж үйлчилгээ авч байгаа хүмүүсийн 87 хувь нь ретровирүсийн эсрэг эмчилгээнд хамрагдаж, тэдний 79 хувьд ХДХВ-ын ачаалал дарангуйлагдсан байна.
Монгол Улсад ХДХВ-ын халдварын эхний тохиолдол 1992 онд бүртгэгдсэнээс хойш 2019 оны 10 сарын байдлаар 281 тохиолдол мэдээлэгдсэн. Тэдний 44 нь нас баржээ.
Манай улсад бүртгэгдээд байгаа ХДХВ-ын халдварын тохиолдол 100 хувь бэлгийн замаар дамжсан бөгөөд цус цусан бүтээгдэхүүн, эмнэлгийн тусламж үйлчилгээгээр болон эхээс хүүхдэд халдвар дамжаагүй байна. ХДХВ-ын халдвартай 17 эхээс 25 хүүхэд төрсөн (8 эх давтан төрсөн) нь өдгөө эрүүл өсөж байгаа аж.

ХДХВ-ын халдварын тохиолдлын 81.2 хувь нь эрэгтэй, тэдний 80 хувь нь бэлгийн цөөнх бөгөөд нийт тохиолдлын 76.8 хувь нь 39-өөс доош насандаа (15-39 нас) оношлогджээ.

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Амаржаргал: 2019 онд хийсэн “ХДХВ-ын тархалтын үндэсний судалгаа”-ны урьдчилсан дүнгээр бэлгийн цөөнх эрчүүдийн дунд уг халдвар төвлөрсөн тархалттай хэвээр байна. “ХДХВ-ын халдвараас сэргийлэхэд би юу хийж чадах вэ?” хэмээн хүн бүр бодож, чадах бүхнээрээ дэмжин туслах нь хүн бүрийн үүрэг хариуцлагын нэг болохыг онцлон, иргэний нийгмийн байгууллагын санал санаачилга, манлайлал, иргэн бүрийн хүчин чармайлт, төрийн шууд дэмжлэгийг нэгэн зүгт чиглүүлэн, дэлхий дахинд ХДХВ, ДОХ-ын тахалт тархалтыг таслан зогсоох уриан дор эвлэлдэн нэгдэхийг уриаллаа. 
ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Сергей Диордица: 2018 онд дэлхий даяар ДОХ-ын халдвартай 37.9 сая хүний 79 хувийг шинжилгээнд, 62 хувийг эмчилгээнд хамруулж, 53 хувийн вирусийг нь дарангуйлсан буюу бусдад халдвар тараах эрсдэлгүй болгосон. Хэдийгээр ХДХВ/ДОХ-ын шинжилгээ, эмчилгээний хүртээмж нэмэгдсэн  ч дэлхийн зорилтыг хангахад хангалттай бус байна. Иймд ХДХВ-ын халдварын шинжилгээнээс гадна эмчилгээ, урьдчилан сэргийлэх, олон нийтэд суурилсан шинжилгээ, сэргийлэлт, тусламжийг зөвлөж байна.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: ХӨСҮТ-ийн эмнэлгийн тусламж үйлчилгээ, олон улсын жишигт нийцсэн эмийн хангалт, эмч нарын эмчилгээ, хяналт, оношилгооны бэлэн байдал хангалттай байна. ДЭМБ-аас зөвлөмж болгосон өндөр идэвхт ретровирусийн эсрэг эмийг ХДХВ-ын халдварын эмчилгээ, өртөлтийн өмнөх болон дараах сэргийлэлт, мөн эхээс хүүхдэд халдвар дамжихаас сэргийлэх арга хэмжээнд хэрэглэдэг. Ретровирусийн эсрэг эмчилгээг 2003 оноос тусламж үйлчилгээнд нэвтрүүлэн, 2003-2013 онд Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ-ын төслөөс 94.919 ам.долларын санхүүжилтээр худалдан авч, хэрэглэж байсан. Харин 2013 оноос эм, оношлуурын зардалд жил бүр 300-500 сая төгрөгийг улсын төсвөөс гарган, эмчилгээ, оношилгоо, тусламж үйлчилгээнд хэрэглэж байна. ХДХВ, ДОХ-той нэг хүний жилд хэрэглэх ретровирүсийн эсрэг эмчилгээнд 1.5- 4 сая төгрөг зарцуулдаг, тухайлбал ХДХВ-ын халдвар эхээс хүүхдэд дамжихаас сэргийлэх зорилгоор нэг эх, хүүхдэд хэрэглэх эмийн зардалд жилд 2.5-3 сая төгрөг зарцуулж байна.


Холбоотой мэдээ