“Иргэдэд ээлтэй хотын шийдлүүд"-ийг хэлэлцэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МАН-ын дэргэдэх Нийслэлийн Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооноос "Гоо сарнай-2019" форумыг “Иргэдэд ээлтэй хотын шийдлүүд" сэдвээр өнөөдөр зохион байгуулж байна.
Нийслэлийн НАМЭХ нь хоёр жилд нэг удаа "Гоо сарнай форум" зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн форумын үеэр нийслэл, дүүргийн НАМЭХ-ны удирдлага, гишүүд, хотын хөгжил, гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхэд хөгжлийн асуудлаар мэргэшсэн судлаачид, зөвлөхүүд, төсөл, хөтөлбөрийн ажилтнууд нэгэн дор чуулж иргэдэд ээлтэй хотын хөгжлийн талаар нээлттэй хэлэлцэж буй юм. "Иргэдэд ээлтэй хотын шийдлүүд" форумд УИХ-ын гишүүн, Нийслэлийн НАМЭХ-ны тэргүүн Б.Саранчимэг "Орчин үеийн хотын хөгжил, чиг хандлага", Хот төлөвлөлтийн мэргэжилтэн Т.Алдарсайхан "Ногоон хотын шийдлүүд ба эрчим хүчний хэмнэлттэй сургууль, эмнэлгийн барилгын дулаалга”, Жендэрийн хорооны зөвлөх Ш.Солонго "Нийслэлийн жендэрийн нөхцөл байдлын судалгаа", Дэлхийн банкны засаглалын мэргэжилтэн Д.Амарбаясгалан "Нийслэлийн эрүүл мэнд, боловсролын салбарын бодлогын хэрэгжилтэд хийсэн хөндлөнгийн үнэлгээний дүгнэлт, зөвлөмж", “Өрнөл проект” ХХК-ийн архитектор Ш.Оюундарь "Явган зорчигчид ээлтэй хот" сэдвээр илтгэл тавина.