"Мэргэжлийн найрал хөгжим"-ийн 60 жилийн ойн ёслол боллоо

Монголын мэдээ | Соёл урлаг
183@montsame.mn
2019-12-01 12:11:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын "Мэргэжлийн найрал хөгжим" үүсэж хөгжсөний 60 жилийн ойн баярыг ёслол төгөлдөр тэмдэглэж байна. Энэхүү баярын үеэр "Аялгуу эгшиглэсэн жарны дуулал" баримтат киноны болон "Жарнаар дурсахуй" баримтат гэрэл зургийн цомгийн нээлт, "Аялгуу эгшиглэсэн-60 жил" хүндэтгэлийн тоглолт Офицеруудын ордонд боллоо.

Ойд зориулан "Соёмбо" сонины ээлжит дугаарт нэгэн жарны түүхтэй бахдам гавьяатай тус хамт олны мэндчилгээ, алдар цуутнуудын дурсамж, талархлыг хоёр нүүрт багтаан сурталчилсан нь онцлог байв.


Эгнээнээсээ олон арван урлаг, соёлын алдартнуудыг төрүүлсэн мэргэжлийн найрал хөгжмийн үе үеийн удирдлага, нийт бие бүрэлдэхүүн баяраа тэмдэглэж, ахмад үеийн төлөөлөл Ардын жүжигчин П.Хаянхярваа, МУУГЗ Ж.Гун-Аажав нарын олон гавьяат буурал хүрэлцэн ирж дурсамжаа ярилаа. Монгол эх орныхоо түүхэн хөгжил, цэрэг эрсийнхээ бахдам гавьяат үйлсийг дэлхийн дайдад таниулахын зэрэгцээ Батлан хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах үйлсэд оруулсан жинтэй хувь нэмрийг магтан дуулсаар яваа "Мэргэжлийн найрал хөгжим"-ийг бүтээгчид ийнхүү жарны баяраа хуваалцав.

Холбоотой мэдээ