Хөгжилд хөл нийлүүлэхээр зөвлөлдлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-12-03 16:16:25

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хөгжлийн бэршээлтэй иргэдийг дэмжих холбоо, Улаан загалмайн хороо, ХХҮГ, ХБХДЭЭХ зэрэг байгууллага хамтран “Хөгжилд хөл нийлүүлье” зөвлөгөөнийг Баянхонгор хотноо зохион байгуулж байна. 

Зөвлөгөөнд аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр нарын зэрэг албаныхан оролцож, төрийн зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажлуудынхаа талаар мэдээлэл өгөөд цаашдаа хийе бүтээе, нийгэмдээ нөлөөлье гэсэн иргэн бүхнээ дэмжих  болно гэдгээ илэрхийлэв. 

Баянхонгор аймагт хөгжлийн бэрхшээлтэй 3474 иргэн байгаагаас 286 нь 0-16 насны хүүхэд эзэлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хэлбэрээр авч үзвэл, харааны 332, сонсголын 217, хэл ярианы 183, хөдөлгөөний 751, сэтгэц, оюун ухааны 735, хавсарсан 490 хүн тус тус бүртгэлтэй байдаг байна.  Эдгээр иргэдийн 34 хувь нь төрөлхийн, 66 хувь нь олдмол хөгжлийн бэрхшээлтэй байгаа нь хөгжлийн бэрхшээлтэй болохоос урьдчилан сэргийлэх боломжтойг харуулж байгааг албаныхан онцолж байлаа.

Баянхонгор аймгийн хувьд 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих “Хөгжлийн төв”-ийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар байгуулж байгаа бөгөөд одоо барилгын явц 60 гаруй хувьтай байна. Ирэх зун ашиглалтад бүрэн орох юм.

Ташрамд, Аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхүүдийн 48 төслийг хүлээж авснаас 29-ийг нь дэмжиж  48 сарын хугацаатай 45.0 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгт хамруулж, ажлын байрыг шинээр бий болгожээ. 

Холбоотой мэдээ