Нийслэлийн ирэх оны төсвийг баталлаа

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2019-12-02 16:17:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын ээлжит 29 дүгээр хуралдаанаар нийслэлийн 2020 оны төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж өнөөдөр гишүүдийн 75.68 хувийн саналаар баталлаа.

Нийслэлийн орон нутгийн төсвийн суурь орлогыг 894.1 тэрбум төгрөг, суурь зарлагыг 338.1 тэрбум төгрөг, Төсвийн тухай хуулийн дагуу орон нутгийн үндсэн төслийн ажлын 30 хувь болох 319.4 тэрбум төгрөгийг улсын төсөвт татан төвлөрүүлэхээр баталжээ.

Нийслэлийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2019 онд баталсан түвшнээс 770.5 сая төгрөгөөр нэмэгдүүлж 27.3 тэрбум төгрөг байхаар, боловсрол, эрүүл мэнд, хүүхэд хөгжил хамгаалал, газрын харилцааны салбарын нийт үйл ажиллагааны зардлыг 2019 оныхоос 96 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 494 тэрбум төгрөг байхаар батлаад байна.


Ирэх онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр хот байгуулалт, дэд бүтцийн болон авто замын салбар, хот нийтийн аж ахуй, нийгмийн салбар, төрийн үйлчилгээг сайжруулах, нийтийн тээврийн салбаруудад түлхүү анхаарч төсөл үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тусгажээ. Тодруулбал, төсвийн 39 хувийг хот байгуулалт дэд бүтэц, 30 хувийг авто замын салбарт, 12 хувийг нийгмийн салбарт томоохон хөрөнгө оруулалт хийхээр боллоо.




Холбоотой мэдээ